Н.Ганибал: Ерөнхийлөгч хориг тавьсан чинь МАН-ын гишүүд “хоёр нүүр”-ээ харууллаа
2023-03-17

               УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан бусад хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

               УИХ 2023 оны нэгдүгээр сарын 20-нд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсан. Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-нд уг хуулийг хүлээн авч танилцжээ.

              Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан байна. "УИХ уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан" гэж Ерөнхийлөгчийн хоригийн талаарх танилцуулгад дурдав.

УИХ-ын гишүүд хоригтой холбогдуулан ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.

Н.Ганибал: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжиж байна. Уг хуулийг батлахыг дэмжсэн МАН-ын гишүүд “хоёр нүүр”-тэй байна. Ерөнхийлөгч хориг тавьсан учир байнгын хороод нь хоригийг хүлээж авахыг 100 хувь дэмжье гээд л. Тухайн үед энэ хуулийг хэлэлцэж байхад сөрөг хүчнийхэн завсарлага авч, хуралдааныг орхиж, эсэргүүцсэн ч зөрсөөр байгаад баталсан. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавингуут “Ерөнхийлөгчийн зөв” гээд л бүгдээрээ алга ташиж байна. Монгол Улсын парламент хуулиудыг ийм байдлаар хэлэлцвэл өрөвдөлтэй. Яагаад хүний эрх, тайван жагсаал цуглааныг фейсбүүк платформд хааж боох гэсэн асуудлыг хэлэлцүүлж, Үндсэн хууль руу “дайрч” байгаа юм бэ. Хууль сахиулах байгууллагууд залилан, гэмт хэрэг гээд бүгдээс нь урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

О.Цогтгэрэл: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай нэртэй боловч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах, боомилох агуулгатай хуулийг намрын чуулганы төгсгөлд баталсан. АН-ын бүлэг уг асуудлаар гурван ч удаа завсарлага авсан. Сүүлдээ эцэслэн батлах үед нь хуралдааныг бүлгийн гишүүд орхисон. Яагаад Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхүүдийг хязгаарлах гээд байгаа юм бэ. Яагаад яаралтай горимоор хэлэлцүүлсэн бэ. Яагаад хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр зааж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан бэ.

          Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан бусад хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүдийн олонх хүлээж авлаа.      

Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл