УИХ-ын 2023 оны хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Чуулганы гуравдугаар сарын 15-17-нд хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталсан байна. Чуулган 10.00 цагт нээлтээ хийсний дараа ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай хэлэлцэнэ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо маргааш 13.00 цагт хуралдаж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах (Цахим сүлжээнд хяналт тавих хууль гэж иргэд товчлон нэрлэж буй) тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Тус хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард гурав хоногт багтаан хэлэлцэн баталсан бөгөөд хүний эрхийг олон талаар хязгаарлах зохицуулалт тусгасан гэж иргэд, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлч, судлаачид шүүмжилсэн. Мөн тус хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавихыг хүссэн албан бичгийг холбогдох байгууллагуудаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Ерөнхийлөгч тус хууль болон дагалдан гарсан бусад хуульд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд маргааш Хууль зүйн байнгын хороо, ирэх баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хүлээж авах, эсэхийг хэлэлцэж, шийднэ.
Ташрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг авлигын эсрэг хэмээн зарлаад байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасныг УИХ хэлэлцэх ёстой. Түүнчлэн Хөгжлийн банк, "нүүрсний хулгай"-н гэмт хэрэгт нэр холбогдсон, яллагдагчаар татагдсан гишүүдийг хэрхэх нь олны анхаарлын төвд байна.
Бэлтгэсэн: Б.Уянга