Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын зургаан гишүүнийг зарлав
2023-02-28

             Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай, бүрэн хийх зорилгоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. 143 объектод нэгжлэг явуулж, 408 удаа хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийж, 925 хүнээс мэдүүлэг авсан байна. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 905 баримт, материал гаргуулан авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна” гэв.

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын зургаан гишүүний нэрийг тэрбээр зарлав. Үүнд

  1. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгсөн үндэслэлээр
  2. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр
  3. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан үндэслэлээр
  4. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан үндэслэлээр
  5. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр
  6. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан үндэслэлээр

​Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл