Авлигын эсрэг хуульд зааснаар дараах төрийн албан тушаалтан жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж, холбогдох байгууллагад өгөх үүрэгтэй. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж, хадгална. Харин Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо бүртгэх юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл бүртгэдэг.
- төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
- төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
- төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
- олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
- улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
- бүх шатны ИТХ-ын дарга, төлөөлөгч;
- эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;
- Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.
Авлигатай тэмцэх газар нь өөрийнхөөс бусад байгууллагын албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавина. Авлигын эсрэг хуульд өнгөрсөн арванхоёрдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар шалгахаар хуульчилсан. Өмнө нь УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянадаг байв.
Дараах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ оны II улиралд багтаан цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч;
- Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;
- Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
- Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;
- Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
- УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
- Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;
- Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;
- Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;
- Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;
- Ерөнхий аудитор, түүний орлогч;
- Засгийн газрын агентлагийн дарга;
- аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга;
- аймаг, нийслэлийн Засаг дарга;
Бэлтгэсэн: Б.Уянга