Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэзээ хэлэлцэх вэ
2023-01-30

                  Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг энэ сарын 20-нд УИХ баталсан. Уг хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавихаар боллоо. УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн. Тэгвэл Ерөнхийлөгчийн тавих хоригийг УИХ хэзээ хэлэлцэх вэ.

            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дараах заалтыг тусгасан. Үүнд

45.6. Ерөнхийлөгч энэ хуулийн 45.5-д заасны дагуу хориг тавьсан бол УИХ түүнийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжид, ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон УИХ нийт гишүүний гуравны хоёр нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

45.7. Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганы чөлөө цагт хууль, тогтоолд хориг тавьсан бол уг хоригийг ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш энэ хуулийн 45.6-д заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ.

          УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.7-д заасны дагуу УИХ-ын чуулганы чөлөө цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьж таарах нь. Тиймээс УИХ уг хоригийг хаврын ээлжит чуулган эхлэх үед буюу гуравдугаар сарын 15-наас хэлэлцэх зохицуулалт үйлчилнэ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр заасан. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуульд бүхэлд нь хориг тавибал хуулийн үйлчлэл УИХ хэзээ хэлэлцэж, ямар шийдвэр гаргах хүртэл түр түдгэлзэнэ. УИХ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит бусаар хуралдаж магадгүй. Тэгвэл ээлжит бус чуулган эхэлсэн үед Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж таарна.

         УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88.6-т зааснаар бол чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.6 хувь буюу гуравны хоёр нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол дээрх хууль хүчин төгөлдөр үлдэнэ. Харин хоригийг хүлээн авч, хуулийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулна.  

Сэтгэгдэл