Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-18

 УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.      

Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                                   

            Гишүүн Ё.Баатарбилэг нь хаврын чуулганы хугацаанд бүрэн ирцтэй оролцсон гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь 1 удаа буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр чөлөөтэй байжээ.

              Зураг 1.  УИХ-ын 2021 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээлэлд гишүүн Ё. Баатарбилэгийг бүрэн суусан гэж тэмдэглэсэн байна

Зураг 2. Ё.Баатарбилэг гишүүний чөлөө авсан талаар чуулган нэгдсэн хуралдааны тэмдэглэлд тусгасан байдал

http://parliament.mn/n/noson       

            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.    

   

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд    

  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг
  • “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

 

 

Сэтгэгдэл