Төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа нийтэд ил тод мэдээлнэ
2023-01-17

           УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарын гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийг баталснаар төсвийн ил тод байдал хангагдаж, төсвийг хариуцлагатайгаар төлөвлөдөг, батлагдах, захиран зарцуулдаг байх эрх зүйн орчин бүрдэх, улмаар, төсвийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэх аж. Тодруулбал, төсвийн бодлого, төлөвлөлтийг иргэд, олон нийтийн хяналт болон төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагын хамтын оролцоо, хяналтаар дүгнэх боломж бүрдэх нь. Түүнчлэн Монгол Улсын өрийн удирдлагад баримтлах бодлогыг тодорхой болгож, цаашид зээлийг эдийн засгийн бодит үр ашигтай төслүүдэд зориулж авдаг байх Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал биелэлээ олох гэнэ.

Хуулийн төсөлд тусгасан онцлох зохицуулалтыг хүргэе.

  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаарх дүгнэлтийг УИХ-д жил бүрийн 9 дүгээр сарын 20-нд хүргүүлж, нийтэд мэдээлнэ
  • Төсвийн хөрөнгө, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хөрөнгийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдөр, тэдгээртэй адилтгах аливаа өдөрлөг, ойн баярт зориулж зарцуулахыг хориглоно.
  • Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана. Үүнд төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас, шуурхай утас ажиллуулах
  • Төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа, шаардлагатай тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тухайн жилийн төсөвт баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг тус тус боловсруулж жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ.
  • Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг холбогдох макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тулгуурлан нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн эсэхэд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлж, нийтэд ил тод мэдээлнэ.
  • Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хянах, тайлагнахад төслийн кодыг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчид бүртгэж, төсвийн төлөвлөлтөд тусгана.
  • Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, түүний нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард багтаан энэ хуулийн 281.1-д заасан журмаар зохион байгуулна.
Сэтгэгдэл