УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсаны дараа олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар УИХ-аар хэлэлцэж буй асуудал болоод АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлыг зохион байгуулах талаар хэлэлцсэн байна.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ-ын 2022 оны намрын чуулганыг удахгүй хаах гэж байна. Энэ чуулганаар хэлэлцсэн асуудал, хуулийн төслүүдээр сүүлийн дөрвөн жилийн бодлого, шийдлүүд тодорхойлогдох ёстой. Яагаад гэвэл дөрвөн жилийн сүүлийн онд нь улс төрийн цикл бий болж, асуудал шийдэхэд төвөгтэй болдог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанп ямар асуудлуудыг хэлэлцэж, шийдсэн бэ гэдгийг бүлгийн гишүүд ярилцлаа. Асуудал шийдэх боломжтой гол чуулган бол удахгүй хаалтаа хийх намрын чуулган байсан. Дэлхийн болоод Монголын эдийн засаг амаргүй үед гол хуулиуд, бодлогуудыг боловсруулж чадсангүй. Экспорт, тэр дундаа уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлд ямар ч бодлогын шийдэл гаргаж чадсангүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ямар ч бодлогын дшийдэл гарсангүй. Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой хуулиудыг УИХ-д өргөн барьсангүй. Боловсролын, худалдааг эмжих, хөнгөвчлөх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулиудыг УИХ-ын босгоор оруулсангүй. Эдгээр асуудал, “нүүрсний хулгай”-н буруутан нь Үндсэн хууль юм шиг байдалд шилжээд энэ чуулган хаалтаа хийх гэж байна. АН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцдэггүй” гэв.
АН их эвлэрлийн ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь “Намын маргалдагч талуудтай уулзаж, хурал хийсэн. Зөвлөлдөх зөвлөгөөнд АН-ын Үндэсний бодлогын хорооны 215 гишүүн оролцсон. Энэ сарын 13-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдана. Тус хуралд маргалдагч талуудын ихэнх хүн хүрэлцэн ирнэ. Намын оюун санаа болсон, Үндэсний бодлогын хорооны 400 орчим гишүүн бий. Одоогоор тэдний 300 гаруй хуралд ирэхээ илэрхийлээд байна” гэв.