УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус банкнаас 100 сая ам.доллартой тэнцэх зээлийг хамтын санхүүжилт хэлбэрээр авах аж. Зээлийг эргэн төлөх хугацаа долоон жил, үндсэн төлбөрөөс нь гурван жилийн хугацаанд чөлөөлөгдөх ба баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.81 хувийн нэмэгдэлтэй хүү тооцож, төлөх юм байна.
Уг хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 48 гишүүний 42 нь дэмжлээ. Төслийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “100 сая ам.доллар хэзээ орж ирэх вэ. Валютын нөөц нэмэгдэнэ гэж ойлгож байгаа” гэв.