УИХ-ын дэд даргыг сонгож, шинэ сайд нар тангараг өргөв
2023-01-05

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцууллаа. Тодруулбал, Шадар сайдаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг (хавсран гүйцэтгэнэ), Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Х.Булгантуяаг, Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзоригийг томилсон байна. УИХ-ын гишүүд салбарын тодорхой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шинэ сайд нарт асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын чуулганы танхимд бэлтгэл хангасны дараа шинэ сайд нар УИХ-д тангаргаа өргөв.   

       

             УИХ-ын дэд даргаар Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарыг сонголоо. УИХ-ын тухай хуулийн 15.1-т зааснаар дэд даргыг УИХ дахь нам, эвслийн бүлгээс нэр дэвшүүлж, олонхын саналаар сонгодог. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг нэр дэвшүүлсэн байна. Тус бүлгээс УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, сонгогдон ажиллаж байсан Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон.  

             Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим дэд сайдыг томиллоо. Тухайлбал, Гантөмөрийн Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын,  Мягмаржавын Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайдын,  Охиндоогийн Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын, Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын,  Сэрээжавын Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томилсон байна.  

Сэтгэгдэл