Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлд сонгосон хүмүүс бүгд эрэгтэй байгааг шүүмжлэв
2023-01-04

            Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэсэн. Уг санал асуулгыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос иргэд, судлаач, мэргэжилтнүүдэд өнгөрсөн сарын 23-30-нд уриалсан бөгөөд хуульд заасны дагуу шаардлага хангасан, хугацаандаа материалаа ирүүлсэн 136 нэр дэвшигчийн жагсаалт гаргасан байна.

        Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгосон аж. Нэр дэвшигчдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд өнөөдөр, УИХ-д маргаанш танилцуулж батлуулахаар тогтжээ. 

Тус зөвлөлд нэр дэвшигчээр сонгогдсон 11 хүний нэр

1. Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрхзүйч

2. Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш

3. О.Мөнхсайхан - Судлаач

4. О.Амартүвшин - Эдийн засагч

5. Ө.Ганхуяг - Эдийн засагч

6. Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер

7. Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич

8. С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч

9. Д.Моондой - Радио электроникийн инженер

10. Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач

11. И.Цэрэн-Онолт - Багш, математикч

 

          “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгохдоо хүйсийн тэнцвэрт байдлыг хангаагүйг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр цахим сүлжээнд хөндсөн байна. Тэрбээр "Зөвлөлд 136 хүн нэрээ дэвшүүлсэн. Үүний 102 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй. Ажлын хэсгийн хуралдаанд орсон гишүүд нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр болсон. Бүгд буюу 11 эрэгтэйг сонгосон.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүйсийн тэнцвэрт байдлыг хангасан уу?Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан “жендэрийн тэгш эрхийн зарчим”-ын дагуу Монгол Улсын хүн амын тал хувь, хөдөлмөрийн насны, ажиллах хүчний тал хувь, сонгогчийн насны тал хувь болсон нэг хүйсийнхээ төлөөллийг оролцуулахгүйгээр, тэдний ялгаатай хэрэгцээг анхаарахгүйгээр айхтар том шийдвэрүүдийг гаргах, эсэх асуудлаар зөвлөлдөж байгаа нь зүйтэй юм болов уу" гэж байр сууриа илэрхийлжээ. 

           Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.2-т "Төрийн байгууллагын дэргэдэх болон үндэсний хэмжээний хороо, зөвлөл, комисс зэрэг зөвлөлдөх буюу хамтын удирдлагын байгууллагад аль нэгэн хүйсийн төлөөлөл нийт гишүүний 40 хувиас доошгүй байна" гэж заасан байдаг. 

Сэтгэгдэл