Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны мягмар гаргийн хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн байна. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Учир нь төсөлд тусгасан зохицуулалт нь УИХ-ын гишүүдийн хууль санаачлах бүрэн эрхэд халдаж байгааг гишүүд хөндсөн юм.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5.4-т “Засгийн газар санаачлан боловсруулахаар Үндсэн хууль болон бусад хуульд тусгайлан заасан, эсхүл эрүү, иргэн, захиргаа, зөрчил, гамшгаас хамгаалах, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, төсөв, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамж, боловсролын салбарын харилцааг зохицуулсан анхдагч, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Засгийн газар санаачилна” гэж заажээ. Тодруулбал, эрүү, иргэн, захиргаа, зөрчил, гамшгаас хамгаалах, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, төсөв, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамж, боловсролын салбарын харилцааг зохицуулсан хуулийг УИХ-ын гишүүн санаачлах боломжгүй болно гэсэн үг. “Бага ард түмэн” болох УИХ-ын гишүүдийн хууль санаачлах бүрэн эрхэд халдаж, “давхар дээл”-тэй гишүүн олонтой Засгийн газар хүссэн үедээ ямар ч хуулийг санаачилж, УИХ-аар батлуулах нөхцөл бүрдэж буйг гишүүд шүүмжилж байв. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих, эсэхээр санал хураалт явуулах гэхэд гишүүдийн ирц бүрдээгүй тул үдээс хойш хүртэл түр хойшлуулаад байна.
Б.Пүрэвдорж: Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд харамсаж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглал, Ерөнхий сайдын эрх мэдлийг зузаатгасан. Мөн 2022 оны наймдугаар сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмсэн. “Давхар дээл”-тэй гишүүдээр УИХ-д олон удаа сонгогдсон, нөлөө бүхий хүмүүсийг томилсон. Тэдгээр гишүүн нь 2-3 гишүүнд нөлөөлөх замаар Засгийн газрын үйл ажиллагааг илт лобиддог болсон. Гэтэл энэ нь багадаад Хууль тогтоомжийн тухай хуулиар парламентын хууль батлах бүрэн эрх, гишүүдийн эрхийг хаасан хуулийн төслийг одоо оруулж ирж байна.
С.Чинзориг: УИХ-ын гишүүдийн хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлах юм байна л даа. Монгол Улс парламентын засаглалтай. УИХ-д үлдэж байгаа эрх байна уу, Нямбаатар сайд аа. Яагаад нийгмийн салбарын, боловсролын харилцааг зохицуулах хуулийг зөвхөн Засгийн газар санаачлан боловсруулах юм бэ. Яагаад УИХ-ын гишүүд үүнийг санаачлах эрхгүй болгож байгаа юм бэ. Засгийн газар байгуулагдаад гурван жил болж байна. Гэтэл эрүүл мэнд, нийгмийн халамж, даатгал, соёлын, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр нэг ч хууль, тогтоомжийн төсөл оруулж ирээгүй байгаа шүү дээ, энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд
Х.Нямбаатар (ХЗДХ-ийн сайд): Нийгмийн халамж, даатгалын төсөл оруулж ирээгүй гэж ярьж болохгүй байх аа. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газар оруулж ирсэн. Бүлгийн хуралдаанаар хэлэлцэх үед та хамгийн их эсэргүүцэж, “унагаасан”. УИХ-ын тухай хуулийн 38.3-т “Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна” гэж заасан. Танд хэлэхэд, хууль тогтоох эрх мэдэл, хууль санаачлах эрхийн хүрээ хязгаар гэсэн хоёр ойлголтыг хольж ярьж байна.
Д.Ганбат: Хуулийн төслийг буцаах нь зүйтэй. Даварсаар дагвын оронд, Номхон тэмээг ноолоход амар гэгчээр давжаа парламентад “давхар дээл”-тэй гишүүн олонтой Засгийн газар даварч байна.
Ж.Мөнхбат: Х.Нямбаатар сайд хариултдаа худлаа хэлж байна. УИХ-ын тухай хуулийн 38.3-т т зааснаар төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай хуулийн төслийг Засгийн газар санаачлах эрхтэй. Гэтэл эдгээр дээр нэмээд гамшгаас хамгаалах, газар ашиглах, нийгмийн даатгал, халамж, боловсролын салбарын харилцааг зохицуулах хуулийн төслийг УИХ-ын гишүүд санаачлах эрхгүй болгохоор төсөлд тусгаж, хүрээ хязгаарыг нь давуулсан байна. Мөн УИХ-ын тухай хуульд тэдгээр төрлийн харилцааг зохицуулсан хуулийн зөвхөн анхдагч хууль, шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар санаачлах эрхтэй. Гэтэл нэмэлт, өөрчлөлтийн төслийг ч УИХ-ын гишүүд санаачлах эрхгүй болгохоор төсөлд заасан байна.
М.Оюунчимэг: С.Чинзориг гишүүний хэлсэн зөв. Би Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхад Эрүүл мэндийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын оруулж ирсэн хуулийн төслийг дэмжиж, эх, толгой нь мэдэгдэхгүй хуулийн төслүүдийг нь судлаачидтай уулзаж, янзалсаар байж батлуулсан. Жишээ нь, Хөдөлмөрийн, Ажиллах хүчний тухай хууль. Үүнээс хойш хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн ямар ч хуулийн төсөл оруулж ирээгүй. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх үед Засгийн газрын хоёр сайд нь хоорондоо муудалцсаар байгаад буцааж татсан.