Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлд нэрээ дэвшүүлэхийг урьжээ
2022-12-23

                УИХ-ын 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэсэн. Мөн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 23-30-нд тогтоосон.

                  Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.1-д “Энэ хуулийн зургадугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна”, мөн зүйлийн 8.2-т “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж тус тус заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос урьжээ. 

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага: Тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх. 

Дээрх шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгож болох аж. 

            Бүрдүүлэх материал:

-       Төрийн албан хаагчийн анкет;

-       Иргэний үнэмлэхийн хуулбар;

-       Нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт.

Бүртгэл: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн материалыг 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх юм байна. 

Жич: Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” гэж заасныг анхаарахыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос мэдээлжээ. (лавлах утас: 51- 260280, 88013929)

 

Сэтгэгдэл