Төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зөвлөлдөх санал асуулга явуулна
2022-12-22

             УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолын төсөл хэлэлцлээ. Тогтоолын төсөлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам,  гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгасан бөгөөд зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын төлөвлөгөө баталж, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгохоор тусгасан байна.

              Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах ажлыг арван хоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэх бөгөөд хуульд заасан арга хэмжээнүүдийг хуулийн хугацаагаар нь хамгийн шуурхай зохион байгуулна хэмээн төлөвлөж 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг товлосон аж. 

                     УИХ-ын дарга Г.Занданшатар тогтоолын төсөл батлагдсантай холбогдпуулан үг хэллээ. Тэрбээр "...Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй. Ингээд тэднийгээ тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явууланхүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлохоор бид дөнгөж сая шийдвэр гаргалаа. Авлигын улмаас төрд итгэх иргэдийн итгэл, төр, ард түмний хэлхээ суларч байна. Төрд итгэх, ард иргэдийн итгэл сулрахад гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлж байна. Өнөө маргаашаа аргалсан хэсэг бусаг шийдвэр гаргаж, өдөр хоногийг аргацааж өнгөрөөж сууж болохгүй болчихсон ийм цаг үе. Нийгэмд даяар ард иргэд бухимдаж, тэсэрч, тэр дотроо худал, үнэн нь мэдэгдэхгүй попролт, бодит байдлын үнэн мөнийг олохыг тэд хүсэж байна. Хулгайчдыг олж шийтгэхийг шаардаж байна. Иймээс ард түмний засаглах эрхийг хангах тухай Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу тэдэнтэйгээ хамтарч, иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцэнэ..." гэв. 

Сэтгэгдэл