"Нүүрсний хулгай"-н асуудлаарх нээлттэй сонсгол 10 цагийн турш үргэлжлэв
2022-12-21

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан "нүүрсний хулгай"-н асуудлаарх ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр 13.00 цагт эхлүүлснээр 10 цагийн  турш үргэлжиллээ. Нээлттэй сонсголд 250 орчим иргэн бүртгүүлснээс  80 гаруй нь санал хэлж, төрийн байгууллагуудын удирдлага, төлөөлөлд асуулт тавьж, хариулт авав.  5-6 иргэн үг хэлсний дараа УИХ-ын нэг гишүүн байр сууриа илэрхийлэх байдлаар дарааллыг тогтоосон юм. Сонсголыг зарим иргэн, жагсагч үе үе бусниулж, үг хэлэх индэрийг булаах, зохион байгуулагчдын өмнө очиж орилох зэрэг үйлдэл гаргав. Иргэд амьдралд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлээс эхлээд хулгайч, авлигачдыг илрүүлэх, хөрөнгийг нь хураах, саяхан баталсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн хийдлийг арилгах талаар түлхүү хөндөж байлаа. Түүнчлэн жагсагчид, иргэдтэй УИХ-ын гишүүдийг уулзах, гишүүний бүрэн эрхээсээ түр татгалзаж, шалгуулахыг шаардсан юм. 

Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалав. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна АТГ, Улсын ерөнхий прокурорын газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, ЦЕГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл оролцож, асуултад хариуллаа. 

Нээлттэй сонсголыг 22.50 цагт өндөрлүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Д.Тогтохсүрэн, С.Амарсайхан, Б.Жавхлан, Д.Цогтбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Т.Доржханд, С.Одонтуяа, Ц.Сэргэлэн, хууль хяналтын байгууллага, гааль, татвар, аудитын газрын төлөөлөл болон 100 орчим иргэн дуустал нь байв.

Сэтгэгдэл