Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялыг чангатгасан долоо хоног
2022-12-18

         Нийслэлийн төв талбай дахь жагсаал 17 дахь өдрөө үргэлжилж байна. “Нүүрсний хулгай”-г эсэргүүцэж, гэмт хэрэг хийсэн албан тушаалтнууд, хүмүүсийн нэрийг зарлан, хатуу хариуцлага хүлээлгэхийг шаардсан уг жагсаал Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахад “хөтлөв”. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах, хөрөнгийг нь хураах, хохирлыг нөхөн төлүүлэхийг жагсагчид шаардсан тул УИХ дээрх хуулийн өөрчлөлтийг яаралтай хэлэлцэн, баасан гарагт баталлаа.  

      Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, пүрэв гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж эхлэх үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимд мэдээлэл хийсэн. УИХ-аар зайлшгүй дэмжүүлэн батлуулах гэсэн асуудлыг хэлэлцэх үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд ирж, мэдээлэл хийдэг “жамтай”. Тиймээс Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийг дэмжүүлэх үүднээс тэрбээр эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүний хувьд чуулганы танхимд “сүр” үзүүлсэн юм. “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон байж болзошгүй УИХ-ын гишүүд уг төслийг дэмжихгүй байх талтай учир ингэсэн биз. Тэглээ ч АТГ-аас зарласан, “нүүрсний хулгай”-д шууд болон шууд бусаар нэр холбогдсон 17 албан тушаалтны долоо нь өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд эрх зүйн гурван суурь өөрчлөлтийг яаралтай хийх ёстойг танилцуулсан.  

Дээрх хуулийг дагалдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулав.

Гишүүн Н.Алтанхуяг, Ш.Раднаасэд нар эсрэг кноп дарсан нь

        Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, гишүүн Ж.Батжаргал ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг “загнав”. Тэрбээр “Авлигын гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах ёстой. Гэхдээ энэ нэрийн доор янз бүрийн зүйл яримааргүй байна. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг арилгах ёстой гэж Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээллийн хэрэгслээр ярьсан. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг нэг Төрийн нарийн бичгийн дарга ярих ёсгүй. Чоно борооноор гэдэг шиг янз бүрийн юм ярьдгаа болих хэрэгтэй” гэсэн юм.  

         Мөн гишүүн Н.Алтанхуяг хуулийн төслийг анх хэлэлцэж эхлэх үед “Агуулгаар нь дэмжиж байгаа. Томилсон, томилуулсан хоёр хоёулаа л адилхан хариуцлага хүлээх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн атал хуулийн төслийг эцэслэн батлахад эсрэг кноп дарсан хоёр гишүүний нэг болж, түүхэнд бичигдэв. Эсрэг кноп дарсан нөгөө гишүүн нь Ш.Раднаасэд. Тэрбээр “нүүрсний хулгай”-д шууд болон шууд бусаар нэр холбогдсон 17 албан тушаалтны нэгээр зарлагдсан (АТГ-аас мэдээлснээр). Гэхдээ үүнтэй огт хамаагүйгээ хэлээд, жинхэнэ хулгайчдыг зарла гэж тэрбээр эсэргүүцсээр байгаа.

          Чуулганы хуралдааны үеэр гишүүн Ш.Раднаасэд “Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат өнгөрсөн хугацаанд 226 мянган машин хилээр нүүрсгүй гарсан гэлээ. АТГ, ЦЕГ-тай нийлээд бид шалгаж байгаа, үүн дотроос харж байгаад та нарыг оруулсан гэх. Ийм утгагүй юм ярихаа боль. Босоо удирдлагатай байгууллага, та нар. Тэр голомтын Баясгалан, оффтэйк хийсэн хүмүүсээ яагаад зарлахгүй байгаа юм бэ. Түүнд оролцсон Д.Сумъяабазараас эхлүүлээд хүмүүс байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-д онц байдал тогтоох гэхэд Засгийн газрын 5-6 гишүүн үгүй гээд, хамгаалсан гэсэн. Хулгайгаа л нуух гэж байгаа биз” хэмээсэн юм.  

         Гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлмэгдүүлэх явдал гарах вий гэхээс эмээж буйгаа хэлж байв. Мөн гишүүн Б.Энхбаяр “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх санаачилгыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ өөрчлөлт дотор байгаа хоёр асуудлыг нухацтай ярих ёстой... Парламент бол манай улсын дархлаа. УИХ-ын гишүүдийг үгээ зоригтой хэлэх, хэнтэй ч тэмцэх, ямар ч хулгайчийг илрүүлэх мандатыг олгохын тулд халдашгүй бүрэн эрх хуульчилдаг. Бүрэн эрхтэй учир жишээлбэл, би Хөгжлийн банкны түр хороог ахалж, хүний хөрөнгө шалгах ажлыг зоригтой хийж байна. Гэтэл парламентын дархлааг устгах, хуулийн байгууллагын барьцаанд оруулах гэсэн санаархлыг зөвшөөрч болохгүй” гэсэн.  

Өргөн барьсан төсөл хэрхэн өөрчлөгдөж, батлагдсаныг мэдэх боломжгүй байв

        Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, гишүүдээр нь Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар ажиллажээ. Хуулийн төслийн эхийг өргөн барьсан өдөр буюу энэ сарын 14-нд d.parliament.mn, lawforum.parliament.mn-д байршуулсан. Ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганаар угсруулж хэлэлцсээр хоёрхон өдөрт багтаан баталсан юм. Энэ хугацаанд хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй ямар саналын томьёолол гарсан, ямар гишүүд түүнийг нь дэмжсэн, эцэслэн батлах үедээ хэрхэн өөрчлөлт оруулсныг иргэд, олон нийт мэдэх боломжгүй байв. Зөвхөн хуралдааны мэдээг дараа нь parliament.mn-д оруулдаг бөгөөд үүнээс бага сага, мөн чуулганы хуралдааны шууд дамжуулалтаас зарим мэдээллийг авах боломжтой байлаа.

       Түүнчлэн байнгын хорооны болон ажлын хэсгийн хуралдааныг шууд дамжуулаагүй. Харин УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл хэрхэн батлагдсан талаар цахим хуудсандаа мэдээлэл оруулсан. Товчхон хэлбэл, хуралдааны үеэр хэн ямар байр суурь илэрхийлсэн, зарчмын зөрүүтэй ямар саналыг хэн гаргасан талаарх мэдээллийг хэдэн хоногийн дараа нээлттэй болох хуралдааны тэмдэглэлээс л харах үлдлээ. Харин ажлын хэсгийн мэдээлэл бол бүр “бүрхэг” байна. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг дэмжих болон эцэслэн батлах үеийн санал хураалтын дүнг мэдэх боломжгүй байна. Шууд дамжуулалтын бичлэгээс санал хураалтын дүнг бүтнээр нь харах боломжгүй нь харамсалтай.  

      Ганцхан жишээ дурдахад, анх өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүд хөрөнгө, орлогын мэдүүлгээ шууд АТГ-т мэдүүлж, хянуулдаг байх өөрчлөлт тусгасан. Харин эцэслэн батлах үед уг заалтыг “унагасан”-ыг нэгэн сэтгүүлч цахим сүлжээнд бичжээ. 

            Эрүүгийн хуульд оруулсан эл нэмэлт, өөрчлөлт нь "нүүрсний хулгай"-чдад хамаарахгүй буюу хууль батлахаас өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан зохицуулалтаар тэд шийтгэгдэнэ гэх шүүмжлэл олон нийтийн дунд байна. Хуульчид үүнийг янз бүрээр тайлбарлаж буй бөгөөд одоогоор асуулт хэвээр байна.  

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарын олон нийтэд хүргэсэн мэдээллээс доор бичив.

Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтүүд

  • Халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолно.
  • Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй
  • Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайд нар, Цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.
  • Дээрх албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ял оногдуулахгүй
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн этгээдийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Бэлтгэсэн uih.mn

Сэтгэгдэл