Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй холбоотой УИХ-ын гишүүдийн байр суурь
2022-12-15

                Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өнөөдөр өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Уг төсөлд дараах зохицуулалтыг тусгасан бөгөөд УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг доор хүргэж байна. “Нүүрсний хулгай”-д шууд болон шууд бусаар нэр холбогдсон 17 албан тушаалтныг АТГ-аас зарласан билээ. 

  • Хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ. 
  • Гэмт хэрэг үйлдсэн этгээд түүнийг яллагдагчаар татахаас өмнө оргон зайлсан бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс эхлэн зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.
  • Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно.
  • Төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

УИХ-ын гишүүдийн байр суурь, асуулт, хариултыг хүргэе.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараахь гурван эрхзүйн суурь өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байна. Нэгдүгээрт, орлогын тэгш бус байдлыг арилгах. Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно. Энэ агуулгаараа Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг Монгол Улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд өргөн барьж, хэлэлцүүлэх болно. Хоёрдугаарт, иргэний төлөөлөх эрхийг хангах. сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна. Гуравдугаарт, хариуцлагын тогтолцоог чангатгах. Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна. Үүнд:

  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах
  • Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох
  • Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгалаа.

 

С.Чинзориг: Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэгчдэд тооцох хариуцлагыг чангатгах Засгийн газрын саналыг дэмжиж байна. Гэхдээ тодруулах зүйл байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах ял оноох ёсгүй гэж бодож байна. Хариуцлагыг чангатгана гэсэн мөртлөө яагаад төрийн өмчит компанийн ажилтанд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах талаар тусгасан юм бэ.

Х.Нямбаатар: Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт 11 төрлийн гэмт хэргийн талаар тусгасан. Таны хэлсэн төрийн өмчит компанийн захирал, удирдлага, ажилтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, өгсөн үйлдлийг 22.1-т заасны дагуу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилнэ.

Ц.Даваасүрэн: Хуулийн төслийг дэмжиж байна. Гадаа болж байгаа жагсаалыг төр засгийн ажилд өгч буй иргэдийн үнэлэмж гэж ойлгох хэрэгтэй. Бидний ажил ямар байгааг үүнээс харах ёстой. Авлигын асуудлаар Эрүүгийн хуулийг чангатгахаас гадна өөр олон асуудал бий гэж ойлгож байна. Иргэд тогтолцооны өөрчлөлтийг шаардахаар өмнөөс нь нам сонгодог болгоно, пропорциональ системийг нэвтрүүлнэ, УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэх зүйлс ярьчихаар үр дүн гарахгүй. Нам сонгодог сонгуулийг 2024 онд явуулах ёсгүй. Нэг санал хэлье. Хуулийг чангатгаад гэмт хэрэг үйлддэг гол “акул”-ууд хариуцлага хүлээх үү. Хууль хүчний байгууллагуудын удирдлагыг томилчихсон, тэнд нөлөөтэй болчихсон байгаа. Өөрийгөө хамгаалж чаддаггүй хэд нь хэлмэгдээд дуусах вий.

Ж.Батжаргал: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа, түүнд ногдуулах ялын бодлогыг чангатгах ёстой. Гэхдээ үүний нэр доор янз бүрийн зүйл яримааргүй байна. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг арилгах ёстой гэж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээллийн хэрэгслээр ярьсан. Энэ нь гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа явдал. Хууль тогтоомжийн тухай хуульд ямар хуулийг хэн өргөн барих талаар тодорхой заасан. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа үйл явц. Чоно борооноор гэдэг шиг янз бүрийн зүйл ярьдгаа болих хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал нь гишүүдийн биш, сонгогчдыг, УИХ-ыг хамгаалж байгаа хэрэг.

Н.Алтанхуяг: УИХ-ын гишүүд, сайд нарын нөлөөгөөр төрийн өмчит компанийн албан тушаалд хүн томилдог. Томилсон хүнээрээ зөндөө юм хийлгэдэг. Томилсон, томилуулсан хоёр хоёулаа л адилхан хариуцлага хүлээхгүй бол зөвхөн залуучуудаа шоронд оруулдаг болчихлоо. Жишээ нь, томилсон хүн нь тийм зүйл хий гээд хэлбэл би ийм ялд унана гэж хариулахаар байх хэрэгтэй. Торгодог ял ер нь байж болохгүй шүү. Төрийн өмчийн компанийн захиралд чанга ял оноомоор байна. Хуулийн төслийн зохицуулалтаа сайн хараарай, Нямбаатар сайд аа. Дараа нь та үг, үсэг, агуулгад нь хариуцлага хүлээнэ гэдгээ хэлээрэй.

Ж.Сүхбаатар: Ардчилсан нийгэмд тайван жагсаал, цуглаан олон нийтийн шүүмжлэлээр илэрдэг. Төрийг эрүүлжүүлдэг, ардчиллын хамгийн гол механизм. Хөөн хэлэлцэх хугацаа нь буруу гээд, УИХ-ын дарга, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид шахалт, шаардлага явуулж байсан. Үүний дагуу 2020 оны нэгдүгээр сард хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал засагдсан. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслөөр бол улс төрийн, нөлөө бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгаж байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа нь улам хойшилно. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн асуудал байхгүй, тайван байж болно.

Х.Баделхан: Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр ял завшдаг гэж иргэд ойлгож байна. Мөн ял наймаалцдаг гэж шүүмжилж байна. Авлигын хэрэгт ногдуулан ялыг чангатгах хэрэгтэй гэж байна. Албан тушаалтан ямар нэг хэрэг үйлдсэн бол түүнийг түдгэлзүүлээгүй байвал, эсвэл оргон зайлсан байвал хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж хуулийн төсөлд заажээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байх шаардлагагүй.  

Ц.Цэрэнпунцаг: Авлигачидтай хатуу тэмцэх ёстой. Хэлмэгдүүлэлтийн хар түүх бий. Хүний эрх, хувийн өмчийг хамгаалах суурь зарчмыг сайн бодолцох ёстой. Сэтгэл хөдлөлөөр бүгдийг нь шийдэх учиргүй. Иргэд, бизнес эрхлэгчдийг хэлмэгдүүлчих вий гэж бодож байна.

Б.Энхбаяр: Авлигачидтай тэмцэх Засгийн газрын санаачилгыг дэмжиж байна. Эрүүгийн хууль бол авлигатай тэмцэх зөвхөн нэг хэлбэр нь. Нөгөө талд нь авлигын гэмт хэргийг илрүүлдэг, шалгадаг, хянадаг байгууллага, ялладаг шүүхийн системийг  хараат бус, тэмцдэг чадавхтэй болгох хэрэгтэй. Хоёр дахь талыг нь орхиод зөвхөн ялын бодлогыг чангаруулна гэвэл үлгэр болно.

М.Оюунчимэг: Хууль батлаад байгаа ч хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Төрийн дээд, дунд, доод шатанд авлига улам гаарч байна. Анх төрийн мөнгөний бодлого ярьж байх үед олон улсын байгууллагын дүгнэлтээр Монгол Улсаас оффтэйк гэрээгээр олон улсын барилгын компаниудад маш их мөнгө орж байна гэснийг би анх ярьж байсан. Оффтэйк гэрээнүүд ил болж байгаад талархалтай байна.

О.Цогтгэрэл: Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлагыг чангатгахыг дэмжиж байгаа. Ялын бодлогыг чангатгах замаар бууруулах уу, эсвэл төрийн өмч, тэр дундаа уул уурхайтай холбоотой компаниудын засаглал, ил тод, нээлттэй байдлыг шийдэх замаар иргэдийн хяналтад, хувьцааг нь иргэдэд олгох замаар энэ асуудлыг шийдэх ёстой юу. Ингэх ёстой гэж зургаан жил ярьж байна. Гэтэл бодит байдалд үг, үйлдэл зөрж байна. Нээлттэй, ил тод болгон гэж яриад л байдаг. 1072 хувьцаа чинь хаана байна вэ. 

 

Сэтгэгдэл