(12.06-12-10)
Хэлэлцсэн нэг багц хуулийн төсөл, ганц асуудлыг эл тооцвол УИХ өнгөрсөн долоо хоногт "ажиллалгүй", чуулганы болон байнгын хороодын танхим эл хуль өнгөрөв. Энэ нь парламентын олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын 30 дахь удаагийн их болон бага хурал энэ сарын 6, 7, 8-нд болсонтой холбоотой. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь айлчлалаа өндөрлүүлж, эх орондоо ирээд гэртээ тусгаарлагдсан тул түүний эзгүйд чухал асуудал хэлэлцэхийг түр хойшлуулсан гэвэл хилсдэхгүй. Тиймдээ ч гишүүн Н.Алтанхуяг чуулганы хуралдааны үеэр ажлаа хийцгээхийг анхааруулна лээ. Тэрбээр "Ардын намынхан их хурлаа хийх үеэр чуулганы ажил цалгардаж байна, нөхөд өө. Ирц бүрдэхийг хүлээгээд хурал эхлэхгүй багагүй хугацаа өнгөрлөө. Хурал, элдэв цэнгээнээ зогсоогоод одоо ажилдаа анхаарвал яасан юм. Намын даргаа сонгочихлоо. Тиймээс албан тушаалын хэнээрхлээ түр зогсоогоод улс орныхоо ажилд хүчээ зарцуулмаар байна" гэсэн. Түүнчлэн гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гишүүн С.Бямбацогт Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яагаад хэлэлцэхгүй байгааг хатуухан сануулж байв. Тэтгэврийг шимтгэл төлсөн тав биш, долоон жилийн дунджаар тооцож тогтоодог болох, төрийн захиргаа, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгодог тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх зорилготой чухал хуулиудаа яаравчлахыг тэд анхааруулсан юм.
Цахим хөгжилтэй холбоотойгоор боловсруулсан Хувь хүний нууцын, Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг пүрэв гарагт хийж, батлахад бэлэн болголоо. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-д өргөн барьж, хэлэлцэхийг нь дэмжсэнээс хойш засаж сайжруулсаар ирсэн эдгээр төсөлд иргэний нийгмийн байгууллагынхан зарим талаар сэтгэл дундуур үлдэв. Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд хязгаарлагдмал ангиллын мэдээллийг олон шат дамжлага бүхий зөвшөөрлийн үндсэн дээр олгох зохицуулалт бий. Энэ нь иргэний мэдэх эрхийг хязгаарлах эрсдэлтэйг иргэний нийгмийн байгууллагуудаас анхааруулсан. Харин ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд 67 төрлийн мэдээллийг нээлттэй байлгах, иргэдийн хувийн мэдээлэл илүү баталгаатай болох, мэдээллийг цуглуулж, боловсруулж буй этгээдийг хариуцлагажуулах боломж бүрдсэнийг онцолж буй юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар БОАЖ-ын сайдад тавьсан асуулгын хариуг баасан гарагт гишүүд сонсож, байр сууриа илэрхийлсэн. Засгийн газрын 2018 оны 160, 42 тогтоолоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дахь Шижигтийн хавцалд 90МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлыг нь эхлүүлэхээр тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2019 оны 357 дугаар тогтоолоор уг цахилгаан станц барихаар төлөвлөсөн 28'000 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан билээ. Станцыг ашиглалтад оруулснаар байгаль орчинд ноцтой сөрөг нөлөөлөл байхгүй гэсэн дүгнэлтийг тендерт шалгарсан хоёр компаниас гаргасан аж. Төслийг дэмжиж байгаа ч нутгийн иргэд, малчдын буурь, бэлчээр, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлыг анхаарч, нөхөн олговор олгох, станцын талаар зөв ойлголт өгөх нь зүйтэйг гишүүд хөндөж байв.
Бат.Уянга