“Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар эрүүгийн 10 хэрэг үүсгэн, шалгаж байгаа”
2022-12-05

“Нүүрсний хулгай”-тай тэмцэхээр иргэд өчигдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд жагсаж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар олон нийтэд мэдээлэл хийлээ.

          ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Томоохон бүлэглэлийн зохион байгуулсан хулгай, дээрмийн асуудлыг сүүлийн жилүүдэд нийтэд ил болгосон. Үүний үр дүнг нэхсэн ард иргэдийн жагсаал үүслээ гэж бид ойлгож, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхээр хууль, хяналтын байгууллагад хандсаар байна. Иргэдэд бухимдал үүсэх нөхцөл байдал бий болсон гэдэгтэй Засгийн газар санал нэг байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлал, “Эрдэнэт Тавантолгой”-г тойрсон нүүрсний хулгай, дээрэмтэй холбоотой олон асуудал нийгэмд дэгдсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эдгээр асуудлыг нэгдүгээрт, нийтэд ил болгох, хоёрдугаарт, шийдвэрлэж, зохих ёсны хариуцлага хүлээлгэхээр шамдан ажиллаж байна” гэв.

          Мөн тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотойгоор Засгийн газрын зүгээс шалтгаалах бүх асуудлыг шийдэж, АТГ-т шилжүүлсэн, холбогдох хүмүүс нь ял шийтгэлээ хүлээхийг Засгийн газар хүлээж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлаар 2.6 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил үүсгэсэн, тус үйлдвэрийн нэрээр хувийн компани зээл авсныг нийтэд ил болгосон. Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанид бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, Монголын нүүрсний зах зээлд гарсан хулгай, дээрмийг ил болгож, хариуцлага тооцуулах асуудлыг хөндөж тавьсан. Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг мөргөцөг буюу 385 мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” болон жижиг Тавантолгой компанийн хооронд нүүрсний зөрүүтэй байдал үүссэн тухай асуудал. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй” гэв.

                Засгийн газраас нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгосон, бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор АТГ-аас 15 албан тушаалтныг шалгаж байгаа аж.

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хууль хяналтын байгууллагаас ямар албан тушаалтнуудыг шалгаж байгаа талаарх мэдээллийг авсан.  “Нүүрстэй холбоотой хэрэг” нь гурван асуудалтай холбоотой. Нэгдүгээрт, гэрээ, хоёрдугаарт, тээвэр, гуравдугаарт, төмөр замтай холбоотой. Ийм гурван төрлийн хэргээр эрүүгийн 10  хэрэг үүсгэн, шалгаж байгаа”-г танилцуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хүмүүсийн нэрийг зарлав.  

1.“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Ганхуяг

2.“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Ариунболд

3.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Отгонжаргал

4.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Нурлат

5.“Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байсан Удаанжаргал

6.Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан хэргээр гаалийн ахлах байцаагч Эрдэнэбаяр

7.Хил хамгаалах ерөнхий газрын Гашуунсухайт дахь төлөөлөгч Доржүгдэр

8.Хил хамгаалах ерөнхий газрын Дэлгэрдалай  

Сэтгэгдэл