“Нүүрсний хулгай”-тай тэмцэхээр иргэд өчигдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд жагсаж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд уг асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсгол хийх хүсэлт хүргүүлжээ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын зарим гишүүнтэй уулзаж, “нүүрсний хулгай”-н асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах зорилгоор хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах захирамж гаргаснаа танилцуулав. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Ганболд ажиллах бол гишүүнээр нь Б.Бейсен, Т.Доржханд, С.Одонтуяа, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар ажиллана.
Лхагва гарагт түр хороо хуралдаж, нээлттэй сонсгол хийх шийдвэр гаргах аж. Дарга Г.Занданшатар “Нүүрсний хулгай”-тай холбоотой асуудлыг ард иргэдтэйгээ нээлттэй хэлэлцэж, иргэдийн оролцоог хангаж, асуудлыг үнэн зөв шийдвэрлэж, нэг мөсөн цэгцлэх нь зүйтэй"-г онцлов.
УИХ-ын хяналтын шалгалтын тухай хуулийн 28.2-т зааснаар УИХ-ын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Д.Ганбат, Н.Ганибал, С.Одонтуяа, О.Цогтгэрэл нар сонсгол хийх хүсэлт гаргажээ.