“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болов
2022-11-24

 

          Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын билгийн тооллын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Тиймээс Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болж, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол үйлдлээ.

 

АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” одон хүртээв

        Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан  Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг АНУ-ын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов нарт хүртээв.

Жак Уэтерфорд нь Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан. Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан билээ.

Дэчингунгаагийн Доржготов нь Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийн, хээрийн шинжилгээний ажил зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан. Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулж, экосистемүүдийн хэмжээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэг бий болгон, Монгол орны анхны хөрсний зураг болон анхны сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан, эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан эрдэм шинжилгээний иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болох 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схем бүхий анхны үндэсний атлас болох “БНМАУ-ын Үндэсний атлас”-ыг хэвлүүлэн гарган, удаа дараа шинэчлэн боловсруулж, хөрс шороо, цаг уур, байгаль орчин судлал болон шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулжээ.

Хүндэтгэлийн хуралдаанд төрийн өндөр албан тушаалтнууд, үе үеийн Ерөнхийлөгч нар оролцов

           Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 12.00 цагт эхэллээ.

Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлага, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхмүүд,  Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид уригдан оролцов.

      УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ "“Монголын нууц товчоо”-г 60 жилийн турш судалсан судалгаандаа тулгуурлан, доктор Б.Сумъяабаатар “Монголын нууц товчоон: Иж судалгаа” 2262 хуудас бүхий номоо танилцуулсан. Чингис хааны өвөг дээдсээс эхлэн Ил хаант улсын Өлзийт хаан хүртэлх бүхий л хаад, хатад, жанжид болон Монголын олон аймаг овог, дэлхийн улс орнуудын түүх, улс төр, эдийн засаг, соёлын бүхий л онцлогийг тод томруунаар бичиглэн үлдээсэн бүтээл болох Рашид ад дин Фазуллахын “Шашдирын чуулган” хэмээх 1162 хуудастай номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Г.Акимын орчуулснаар олон нийтэд хүртээл болсон"-ыг онцлов. 

Хүндэтгэлийн хуралдааны нээсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүллээ. Төрийн тэргүүн У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэв. 

Сэтгэгдэл