УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд “Шинжлэх ухааны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Сайд Л.Энх-Амгалан “Цаашид шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын санхүүжилтийг үр дүнд суурилсан өрсөлдөөнт болон тогтмол тогтолцоонд шилжүүлэх, шаардлагатай шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, парк, салбар дундын нээлттэй лаборатор байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтэц бий болгох, цахим шилжилтийг эрчимжүүлж, технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зэрэг олон шинэчлэлийн зорилтыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг батлуулахаар үзэл баримтлалыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран батлуулахаар ажиллаж байна” гэв.
Түүний танилцуулгад дурдсан онцлох мэдээллийг хүргэе.
- Манай улсад төрийн болон хувийн хэвшлийн шинжлэх ухааны 71 байгууллага (дээд боловсролын) үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 5058 судлаач ажилладаг.
- Шинжлэх ухааны хөгжилд гурван үзүүлэлт бий. Нэгдүгээрт, нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо, хоёрдугаарт, улсын ДНБ-д эзлэх судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээрх зардал, гуравдугаарт, судалгаа хөгжүүлэлтийн нэг хүнд ногдох зардал (ам.доллароор тооцох) багтдаг.
- Манай улсын нэг сая хүнд 374 эрдэм шинжилгээний ажилтан ногддог. Энэ нь ОХУ-ынхаас 25 дахин бага.
- Нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоог 2000-д хүргэж байж шинжлэх ухаан хөгждөг гэсэн ерөнхий хандлага дэлхий дээр байна.
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх судалгаа, хөгжүүлэлтийн зардлын хэмжээ нэг хувь ч хүрэхгүй байна.
- Судалгаа хөгжүүлэлтийн зардлын нэг хүнд ногдох ам.долларын үзүүлэлтээр тооцож үзвэл 3.4 ам.доллар байна.
- Шинжлэх ухаан, технологийн санд 178 тэрбум төгрөгийг 1993-2021 онд зарцуулсан. Үүгээр 4244 судалгаа санхүүжүүлсэн. Үүнээс 51 572 үр дүн гарсан.
- Нэг судалгаанд зарцуулж буй зардлын хэмжээ 14.4 сая төгрөг байна. Ийм бага зардлаар судалгаа хөгжүүлэлт хийж байгаа тохиолдолд үр дүн бага байх нь ойлгомжтой.
- Жил бүр Шинжлэх ухаан, технологийн санд 12-13 тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог.
- Хими технологийн хүрээлэнгийн судлаачид олон улсын 23, дотоодын 255 патент, 100 гаруй ашигтай загвар, патентын эрх хамгаалж, технологийн 440 загвар, ТЭЗҮ 25-ыг боловсруулж, 150 гаруй ажил, үйлдвэрлэл практикт нэвтрүүлсэн байна.
- Шинжлэх ухаан, технологийн сангаас 1989 оноос хойш санхүүжүүлсний үр дүнд “Дархан-144”сортыг бий болгожээ. Энэхүү сортыг сонгон тариалсан аж ахуй нэгж, тариаланчдын нэгжээс авсан ургац нь улсын дунджаас 0.2-4.1 ц/га-аар илүү байж, нэмэгдэл ургацаасаа жилд дунджаар 10.3 тэрбум, 6 жилд нийтдээ 61.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон эдийн засгийн тооцоо гарсан.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Засгийн газраас гаргасан шинжлэх ухааныг хөгжүүлэх талаарх тогтоолуудыг хэрэгжүүлэх чиглэлээр дутмаг ажиллаж байна гээд хэрэгжилтийг шахаж ажиллах шаардлагатай талаар, гишүүн Л.Энх-Амгалан салбарын хэлэлцүүлгүүдийг төсөв батлахаас өмнө хийж, дараагийн жилд зарцуулах санхүүжилтийн асуудлын зөв шийдлийг олох тогтолцоонд шилжих талаар, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн барих хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт онцгойлон ач холбогдол өгч, батлах талаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.