АДБХОБ-наас 100 сая ам.доллартой тэнцэх зээлийн хөрөнгө авахыг дэмжив
2022-11-22

               УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар   Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ) хоорондын зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг хэлэлцлээ. Засгийн газар уг хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсон байна.

             Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөрийн хүрээнд АДБХОБ-наас 100 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн хөрөнгийг хамтын санхүүжилт хэлбэрээр авахаар хэлэлцээрийг нь өнгөрсөн есдүгээр сард хийсэн аж. Монгол Улсын эдийн засагт үүсээд буй инфляц, төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулахад дээрх хөтөлбөр нь бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж тооцжээ. Мөн цаашид тус хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн хөрөнгө нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай гэнэ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийн ДНБ-нд харьцуулсан харьцаа энэ онд 70, ирэх жилд 65, 2024 оноос 60 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энэ оны болон ирэх жилийн улсын төсөв, төсвийн төсөөлөлд тусгасан гадаадын зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2022 онд 56.6, 2023 онд 53.2, 2024 онд 51.7, 2025 онд 47.1 хувь байхаар тооцоолсон байна. Ингэснээр эдгээр онд Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангахаар байгаа аж.

Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээний хүрээнд авч ашиглах 100 сая ам.долларын зээлийн эх үүсвэр нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Засгийн газрын нэмэгдүүлэх өрийн дээд хэмжээнд нийцэж буй гэнэ.    

Зээлийг эргэн төлөх хугацаа долоон жил. Зээлийн үндсэн төлбөрөөс 3 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй, хүүгийн түвшний хувьд хөвөгч суурь хүү болох баталгаат овернайт санхүүжилтийн хүүн дээр 0.81 хувийн нэмэгдэлтэй байх аж.  

 

Байнгын хорооны гишүүд зээлийн хөтөлбөртэй холбоотой дараах асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.

М.Оюунчимэг: Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөрийн зардал нь эдийн засгийн хүндрэлийн үед хамгийн их нэрвэгдэж буй нийгмийн эмзэг бүлэгт бодлогын арга хэмжээг чиглүүлэх, хүүхдийн мөнгөн тэтгэмж, цалингийн дэмжлэг олгох, амьжиргааны түвшин доогуур бүсэд цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог дээшлүүлэхэд оршино гэж бичжээ. Гэтэл сая та тайлбарлахдаа инфляц, эдийн засгийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн алдагдлыг дэмжихэд зарцуулна гэлээ. Халамжийн зардалд 27 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж салбарын өмнөх сайд мэдэгдсэн байна. Ингэж давхар санхүүжилт хийж болох юм уу. Энэ нь хувьсах хүүтэй зээл байна шүү дээ.

Б.Жавхлан (Сангийн сайд): Энэ бол төслийн санхүүжилт огт биш. Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлнэ. Шууд төсвийн дэмжлэг болно гэсэн үг. Зээлийн хөрөнгийг шууд Төвбанкны валютын нөөцөд шилжүүлнэ. Валютыг сольмогц төгрөгийг нь Төрийн сангийн эх үүсвэр буюу төсвийн зардлын санхүүжилт болгоно.  

Гэрэлтуяа (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч): Зээлийн хэлэлцээрийн шалгуур үзүүлэлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гурван шалгуур үзүүлэлт багтсан. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгө хөтөлбөр орсон. 2020 онд эмзэг бүлгийн 480 мянган өрхийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамруулсан. Эдгээр айлыг тэтгэмжид үргэлжлүүлэн хамруулах нь эхний шалгуур. Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний 107 албан хаагчийн цалинг 8.2 хувиар нэмэгдүүлэх, гуравдугаарт, 640 мянган ажил эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох гэсэн шалгуур үзүүлэлт тусгасан.

М.Оюунчимэг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан ийм их хөрөнгөний талаар ингэж ярьж болохгүй. Хүүхдийн мөнгөний талаар ярьж байна. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг сая төсөв батлахад суулгаж өгсөн. Өөр зүйлд зарцуулах юм байна. Валютын нөөцийг зузаатгах л бодлого барих юм байна шүү дээ, тийм үү. Сангийн сайд төсөл, хөтөлбөрт энэ нь ямар ч хамаагүй гэсэн. Гэтэл бидэнд өгсөн танилцуулгад “..арга хэмжээг дэмжих хөтөлбөрийн төсөл зөвшилцөх” гэсэн нэртэй байна.  

Б.Жавхлан (Сангийн сайд): Нэрэнд маргах зүйл байхгүй. Ямар нэг бодлогын зээл авах бол заавал матриц батална. Ямар ч матриц, нөхцөлгүйгээр бэлэглэнэ гэж байхгүй. Матриц нь том сорилт, шалгуур гэхээсээ илүү одоо хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогын үр дүнгүүд тодорхой болсон тохиолдолд төсвийн эх үүсвэр болгож, тусламжийн хэлбэрээр зээл олгоно гэсэн үг.   

М.Оюунчимэг: Матрицаа тодорхой бичих хэрэгтэй. Улсын төсөвт хүүхдийн мөнгөний санхүүжилтийг тусгачихсан байхад авах гэж байгаа зээлийн матрицад үүнийг давхар бичих шаардлага бий юу.

Б.Сүх-Очир (Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга): Зээлийн эх үүсвэр нь төлбөрийн тэнцлийг дэмжиж, валютын нөөцийг нэмэх зорилготой. Төгрөгийн эх үүсвэрийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглана. Бодлогын матрицад яагаад өөр төрлийн санхүүжилт бичсэн байна вэ гэж та асуулаа. Өнгөрсөн долдугаар сард АДБХОБ-ныхантай тохиролцож эхэлсэн. Ингэхдээ хэрэгжүүлэх боломжтой үр дүнгүүд юу байна вэ буюу 2021 оны суурь түвшнээс бууруулахгүй байх хөтөлбөр, арга хэмжээнүүдээс сонгож аваад тохиролцсон гэсэн үг. Эдгээр арга хэмжээнд зарцуулах зүйл огт биш.  

 

            Байнгын хорооны гишүүд зээлийн эрсдэлийн тооцоолыг сайн хийхэд анхаарах талаар түлхүү ярьж байв. Дараа нь зээлийн хэлэлцээрийг дэмжих, эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь дэмжив.  

Сэтгэгдэл