УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуульд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулахаар тусгасан байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав. Түүний танилцуулгад дурдсан онцлох зүйлсийг хүргэе.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгосон, эсэхийг түлхүү тодруулж байв.
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж хариултдаа "Хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын тухай хуулийн эрх зүйн орчин тодорхой бус, хэтэрхий ерөнхий агуулгатай тул томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжгүй байсныг тодотгоод уг хуулийн төслөөр дээрх боломжуудыг нээж өгсөн. Ялангуяа төрийн байгууллагуудын оролцоо чиг үүргийн тодорхой болгож, хувийн хэвшлийн оруулж буй хөрөнгө оруулалтыг дэмжих, эрсдэлээс хэрхэн хамгаалах зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан"-ыг хэллээ.
Мөн тэрбээр “Хуулийн төсөлд орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн зохицуулалт тусгасан. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс энэ асуудлаар орон нутагт тодорхой эрхийг нь нээж өгсөн. Тухайлбал, хуулийн төслийн 7.1.8-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, нийслэлд түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн арваны нэгээс хэтрэхгүй байх заалтыг оруулсан” гэв.
Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж чаддаггүй. Иймд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгжүүлэх төслийн судалгааг хийж, техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж өгнө. Энэ нь хуулийн хүрээнд томоохон дэмжлэг болно. Мөн уг хуулиар уул уурхай, банк санхүү, батлан хамгаалахаас бусад салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд түлхүү хамрагдах боломжийг бүрдүүлсэн” хэмээн нэмэлт тайлбар өгсөн.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.