Ашигт малтмал олборлох, тээвэрлэх, экспортлохтой холбоотой бүх гэрээг татварын системд бүртгүүлнэ
2022-11-15

            УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон дагалдан баталсан хуулиудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-аас баталсан хуулиудын талаар холбогдох хүмүүс долоо хоног бүрийн мягмар гарагт мэдээлэл хийхээр болсон.   

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Ирэх оны төсвийг батлахдаа алдагдлыг нь бууруулж, хэмнэсэн зардлынхаа эх үүсвэрээр нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлого баримталсан. 10 мянгаас дээш хүн амтай хот, суурингуудад цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх, хүүхэд хамгаалах, эрүүл мэндийг дэмжих чиглэлийн санхүүжилт шийдвэрлэсэн. Мөн хүнсний хамгамж, аюулгүй байдлыг хангах, “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжихэд санхүүжилт олгохоор болсон. Үүнээс гадна төсвийн хүрээнд эрх зүйн реформын эхлэл тавьсан”-ыг онцлов. Түүний хэлснээр үүнд ямар шийдвэр, тогтоол багтсаныг хүргэе.

  • Төрийн өмчит компаниудын мэдээллийг (хүний нөөц, худалдан авалт, гэрээ, татвар төлөлт, өр авлага гэх мэтчилэн) Санхүүгийн зохицуулах хорооноос гаргах цахим бүртгэлийн системд бүртгэдэг болно.
  • Уул уурхайн чиглэлийн төрийн өмчийн хувьцаат компаниуд ашигт малтмалыг олборлохоос авахуулаад тээвэрлэх, экспортлох хүртэлх хугацааны бүх үе шатад хамааралтай гэрээг татварын цахим төлбөрийн системд бүртгүүлнэ. Мөн нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг энэ онд багтаан УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт хүлээлгэжээ.
  • Улсын төсөвт тусгаж буй ямар нэг шинэ хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын дуусгах хугацааг гурван жилээр тогтоосон
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын санхүүжилтийг төсвийн тодотголоор хасдагийг болиулсан.
  • Тухайн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсвийг тэр жилд нь баталсан байхыг шаарддаг болсон
  • Төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад дахин давтагдахгүй код онооно.
  • Төсвийн хүрээний мэдэгдлийг Төсвийн тухай хуультай хамт хэлэлцдэгийг болиулна.
  • Гүйцэтгэх засаглалын бүтэцтэй холбоотой төслийг Төсвийн тухай хуультай хамт өргөн барихыг зогсооно.
  • Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахад тавигдах шаардлагыг өндөрсгөнө. Хэрвээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас уг хуульд өөрчлөлт оруулахаар бол нийт гишүүдийн 2/3-оос дээшхийн саналын дэмжлэг авах шаардлагатай болно.
  • Улсын төсвийг боловсруулахдаа иргэд, иргэний нийгмийн оролцоог сайтар хангаж, баталдаг болно.
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ажиллуулж, төсвийн тусгай шаардлагуудыг хэрэгжүүлэхгүй байвал мэдээлдэг, хянадаг болно.
  • Төсвийн хэрэгжилтэд аудит хийхдээ олон нийт, иргэний нийгмийнхнийг оролцуулдаг болно.
  • Төрийн үйлчилгээний байгууллагууд нэмэлт орлого олдог болно.

 

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай дагалдуулж баталсан 99 хууль, зургаан тогтоолын төсвийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн. Тэрбээр Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн хүрээнд хяналтын тогтолцоог бүрдүүлж, захиргааны байгууллагын үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй байдалд хяналт тавих, бүтээмжийг дээшлүүлэх зорилт дэвшүүлснийг дурдлаа.

              Мөн "Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрөөс иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй"-г мэдээлсэн.

Сэтгэгдэл