УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцуулав.
Байнгын хороо 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн үндсэн үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг тэрбээр дурдаад, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасныг хэллээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар асуулт асууж, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээс хариулт, тайлбар авсан.
Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулав.
Төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн хэлэлцэв
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хороо 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хийсэн байна. Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт 101 хууль, 6 тогтоолын төслийг өргөн мэдүүлснээс анхны хэлэпцүүлгийн шатанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хугацааг түр хойшлуулах горимын санал дэмжигдсэн тул нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг 99 хуулийн төсөл, 6 тогтоолын төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Нэгдсэн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйл, заалтын уялдааг хангаж гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Мөн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үед Гүйцэтгэх засаглалын хяналтын , Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн холбогдох зүйл, заалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3 дахь заалтад заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул зарчмын зөрүүтэй 6 саналын томьёоллыг бэлтгэн санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ.
Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн С.Чинзориг, Н.Наранбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт, тайлбар авлаа.
Зарчмын зөрүүтэй саналын долоон томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах байнгын хороонд шилжүүллээ.
Зарим хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Өнөрболор гишүүн танилцуулсан.
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн тооцоололтой холбоотойгоор, түүнчлэн төсвийн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж, байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн тул Төсвийн байнгын хороо "Дэгийн" тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн, УИХ-ын хяналт шалгалтын, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг боловсруулан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг нийт дүнгээр нь төлөвлөж, хуваарилах, байгууллага нэмэлт орлого олж, зарцуулах эрхтэй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хуульд тусгаж баталснаас хойш тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж дуусах хүртэлх хугацаанд коджуулах, шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гурван жилд багтаан санхүүжүүлж дуусгах зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хууль санаачлагч нь анхдагч хуулийн төсөл, шинэчилсэн найруулгын хуулийн төсөл болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, түүнчлэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тусдаа үзэл баримтлалтайгаар, бие дааж өргөн мэдүүлж байх зохицуулалт тусгасныг Д.Өнөрболор гишүүн танилцуулсан юм.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруупах тухай хуулийн төсөлд парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар иргэдэд цахимаар мэдээлэл хүргэдэг байх, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс санал, санаачилга гарсан бол байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дараагийн ээлжит чуулганы хяналт шалгалтын цаглаварт оруулан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байх, төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт хяналт шалгалт явуулах үндэслэл, үргэлжлэх хугацааг тусгадаг болох, байнгын хороо ээлжит чуулган эхлэхээс өмнөх 30 хоногийн хугацаанд тодорхой хяналт шалгалтын ажлыг заавал явуулахаар цаглаварт тусгах, Засгийн газар дахь хяналтын талаарх Засгийн газрын тайланг тодорхой хугацаанд УИХ-аар сонсож байх, мөн парламентын хяналтын сонсголыг хуульд тусгайлан сонсгол хийхээр заасан бол тухайн хугацаанд, харин тухайлан хугацаа заагаагүй тохиолдолд чуулганы чөлөө цагт зохион байгуулдаг болох асуудлыг тусгасан аж.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн тэнцлийг сайжруулахтай холбоотой төсвийн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зарим шаардлагагүй төсөл хөтөлбөр, урсгал зардлыг хэмнэж, төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр бууруулах; зарим шаардлагагүй зардлыг бууруулсан эх үүсвэрээр зохицуулалт хийн хүн ам ихтэй хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт олгох, хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний арга хэмжээ болох “Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ойн хортон шавжтай тэмцэх, ой хамгаалах, хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодитой ажил болгох зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд 176.9 тэрбум төгрөгөөр төсвийн зардлыг тус тус нэмэгдүүлэх өөрчлөлтүүдийг тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.7 тэрбум төгрөгөор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар сайжруулсан байна.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 25.7 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлээгүй гэдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэснийг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулсан.
Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Г.Тэмүүлэн гишүүн хариулт өгсний дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөнгөний талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлав
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн С.Чинзориг танилцуулав.
УИХ-ын тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны аравдугаар сарын 27-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолын төсөлд нэг бүрчлэн тусгаж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна.
Цар тахал, түүнээс шалтгаалан иргэдийн орлого буурсан нөхцөл байдлаас үүдэлтэйгээр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд царцаасан бөгөөд цаашид хэрхэх талаар гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар тодруулсан. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт дуусахтай зэрэгцэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан шийдвэр хүчингүй болохыг Эдийн засгийн байнгын хорооны дарга тайлбарлалаа. Мөн тэрбээр цаашид ипотекийн зээл олголтыг орон нутагт чиглүүлэх, олон хөнгөлөлт нэмэгдүүлэх бодлого баримтлах нь зохистой хэмээв.
Ипотекийн зээлийг 2013 оноос олгож эхэлсэн бөгөөд 2022 оны есдүгээр сарын байдлаар 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгосон гэх мэдээллийг Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 2021 онд 13 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан бол 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 19-ний байдлаар 6 хувийн хүүтэйгээр 523.2 тэрбум төгрөгийн зээлийг 5.8 мянган өрхөд олгоод байгаа аж. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийн дагуу хойшлуулах шийдвэр гаргаснаас хойш 31 сар өнгөрөөд байгаа юм байна. Эхэндээ зээлд хамрагдсан өрхүүдийн 20 орчим хувь нь зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргаж байсан бол үүнээс хойш нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 50 орчим хувьд хүрсэн хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ. Ипотекийн зээл нь эхний зээлдэгчийн эргэн төлөлтөөр дараагийн зээл санхүүжих хэлбэрээр үргэлжилдэг тогтолцоо тул зээлийн эргэн төлөлт орж ирснээр дараагийн зээлийн санхүүжилт бүрдэнэ гэдгийг тэмдэглэсэн. Энэ онд олгож буй зээлийн хэмжээ өнгөрсөн оныхоос бага байгаагийн шалтгаан нь зээлийн эргэн төлөлттэй шууд хамааралтай хэмээн тайлбарласан. Ипотекийн зээлийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банк гаргадаг. Зээл олгох шийдвэрээ арилжааны банкууд гаргаж, зээлээ олгосны дараа зохих хувиа Монголбанкнаас авдаг байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чанаргүй зээлийн хэмжээг тодруулж, төлбөрийн тэнцлийг хангах чиглэлээр мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулан, Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт авсан юм. Ийнхүү тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.