ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилохыг дэмжлээ
2022-11-01

            УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын даргаар С.Ганбямбыг томилохыг дэмжлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг санал болгосон байна. ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг өөр ажилд томилогдож байгаа тул албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 

 

         С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” тус тус төгссөн.

2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байна.

Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”,  2014 онд Канад Улсад англи хэлний анхан шатны дамжааг тус тус дүүргэжээ.

С.Ганбямба нь 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд  Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 онд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажилласан бөгөөд 2021 оны есдүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж буй аж.

Мөн С.Ганбямба нь 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив-стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдсан.

 

            Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчид дараах асуулт тавьж, хариулт авлаа.   

Б.Баттөмөр: Батлан хамгаалахын салбар орлого олох боломжтой. Тухайлбал, энхийн бүтээн байгуулалтад заавал тендерт шалгаралгүйгээр оролцох хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Монгол Улсын энхийн бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулах тал дээр ямар байр суурьтай байна вэ. Батлан хамгаалахын салбар хэрэглэж буй хувцасныхаа хэдэн хувийг үйлдвэрлэж байна вэ. Мөн гурил, төмс, хүнсний ногооныхоо хэдэн хувийг өөрсдөө хангадаг вэ. Цэргийн хугацаат албыг нэг жилийн хугацаанд хаадаг. Залуус цэргийн алба хааж байхдаа мэргэжил эзэмшвэл өөрсдөд нь, улсын хөгжилд хэрэгтэй. Энэ жил цэргүүдэд 200 мянган төгрөг өгнө гэнэ. Цаашид дэмжлэг, урамшуулал олгох, алба хаах хугацааг нь сунгаж, тодорхой чиглэлээр мэргэшүүлэхэд анхаарах нь зүйтэй.

С.Ганбямба: Зэвсэгт хүчний алба хаагчид стратегийн бүтээн байгуулалтуудад 2019 оноос идэвхтэй оролцож эхэлсэн. 2020 онд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тайван цагт улсыг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд бие бүрэлдэхүүнийг оролцуулахаар заасан. Үүнээс хойш Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам, мөн Дорнод аймгийн Халх гол жишиг сумын хотхоны бүтээн байгуулалт, Дорноговь аймгийн Алтанширээ дэх хүнд даацын автомашины зам, нефтийн үйлдвэрийн ажилд оролцож байна. 2022 онд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Үндсэндээ нийт төмөр замын 25 хувийнх нь доод бүтцийн, 35 км-ын дээд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн Засгийн газрын шийдвэр, Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр “Богдхан төмөр зам”-ын төсөлд оролцож байна. Цаашид улсын стратегийн бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний барилга, инженерийн цэргийн бие бүрэлдэхүүнийг оролцуулна гэсэн бодолтой байна. Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний норматив зардал буюу хувцасны төсвийн асуудал хүндрэлтэй байгаа. Гэсэн хэдий ч бие бүрэлдэхүүний хувцасны хангалтыг таслахгүй байхад анхаардаг. Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ” ТӨҮГ зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хувцасаар хангах ажлыг 100 хувь хариуцдаг. Зэвсэгт хүчний анги, салбар бүр өөрийн хэрэгцээний төмс, хүнсний ногоог тариалж, хэрэглэдэг. Хугацаат цэргийн алба хаах хугацаа нэг жил байгаа. МСҮТ-тэй хамтран жилд 150 орчим цэргийг сургаж, чадамжийн гэрчилгээ бүхий мэргэжил олгох ажлыг зохион байгуулж байна. Бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг оролцуулж, гэртээ харихдаа орлоготой очих чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал, Зүүнбаян-Ханги чиглэлийн 249 алба хаагч бүтээн байгуулалтад оролцож, дээд тал нь 8.5 сая төгрөгийн цалинтайгаар халагдсан.  

 

Сэтгэгдэл