Эмэгтэйчүүд улс төр дэх оролцоогоо нэмэгдүүлэхээр хөдөлгөөнөө эрчимжүүлнэ
2022-10-28

              21 аймаг, есөн дүүргийн 120 гаруй эмэгтэйчүүд оролцсон “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форумыг Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс өчигдөр зохион байгууллаа.  

 

             Нийгэм, улс төрийн тэгш эрх, тэнцвэрт төлөөллийг авчрах үндсэн өөрчлөлт бий болгоход эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, гол үүрэг гүйцэтгэх цөм байгууллагууд суурь ач холбогдолтой. Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн хөдөлгөөн нь үе үеийн улс төрийн тэгш эрхийн төлөө ажиллаж ирсэн хувь хүн, байгууллагууд, тэр дундаа улс төрийн болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн манлайлал, оролцоотойгоор өргөжин тэлж, шийдвэр гаргах түвшин дэх жендерийн тэгш байдлыг хангах үйлсийг алхам алхмаар урагшлуулсаар иржээ.  

                Тус форумаар эмэгтэйчүүдийн улс төрийн хөдөлгөөнөө эрчимжүүлэхийг бүх оролцогч талд уриалж, хамтын хүчин чармайлтыг нэгтгэх стратегийг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн орон нутаг, хамт олныхоо хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр, ажил үйлсийг өргөн хүрээнд танилцуулсан үйл явдал боллоо.   

                   Тайлбар: Гэрэг сэтгүүлийн 2022 оны тусгай дугаараас,   "Хөдөлгөөнөө эрчимжүүлье" 

 

Форумын үеэр дараах сэдвээр хэлэлцүүлэг хийсэн.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөөх хөдөлгөөний замнал, сургамж

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Орон нутаг дахь хамтын манлайллын санаачилга, амжилтууд

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Хөдөлгөөнөө эрчимжүүлэх стратеги, хамтын ажиллагааны чиглэл  

Хэлэлцүүлгийн үеэр онцолсон зүйл:   

Жендерийн үндэсний хорооУИХ-ын 13 эмэгтэй гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, УИХ-д суудалтай улс төрийн намын төлөөлөл, жендерийн үндэсний шинжээчдийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй Бодлогын зөвлөлийг Жендерийн үндэсний хорооны дэргэд байгуулсан. Тус зөвлөл хуралдаж, УИХ дахь лобби бүлэг байгуулах шийдвэр гаргажээ. Лобби бүлэг үндсэн хоёр чиглэлээр ажиллах юм. Тодруулбал, улс төрийн намуудаас нэр дэвшигчийг тодруулахдаа аль нэг хүйсийн төлөөллийг багадаа 30 хувь болгох заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгуулах, мөн Улс төрийн намын тухай хуулийг жендерийн үзэл баримтлалд нийцүүлэн батлуулахад чиглэнэ.  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тус бүлгийг ахалж, УИХ-ын 13 эмэгтэй, 10 эрэгтэй гишүүн нэгдэж ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцжээ.   

Монгол Ардын Нам: Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу улс төрийн намын тайлангаа хүргүүлжээ. Намын бүх шатанд жендерийн эрх тэгш байдлын талаарх сургалт явуулж байна. МАН Жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулсан бөгөөд эмэгтэй нэр дэвшигчийн “квот”-ыг 30 хувьд хүргэнэ, Жендерийн эрх тэгш байдлыг хангах хороо байгуулна, 2023 оныг Жендерийн эрх тэгш байдлыг хангах жил болгон зарлана.   

Ардчилсан Нам: Сонгуулийн 76 тойрог бүрд эмэгтэй нэр дэвшигчийг бэлтгэх, эмэгтэйчүүдийн дуу хоолойг намын дээд шатанд хүргэх зорилгоор Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг баталгаажуулахдаа сонгуулийн тойрог бүрээс эмэгтэй гишүүн багтаахаар намын дүрэмд тусгажээ. Мөн намын шат шатны бүтцэд тухайн шатны эмэгтэйчүүдийн байгууллагын дарга нь заавал суудалтай байхаар дүрэмдээ заасан байна.  

ХҮН нам: 2020 оны сонгуульд оролцохдоо эмэгтэй нэр дэвшигчдийн эзлэх хувийг 26-д хүргэсэн байна. Мөн намын дүрэмдээ их хурлын төлөөлөгчдийн багадаа 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэж тусгажээ. ХҮН намын Удирдах зөвлөлийн 36, Төлөөлөх зөвлөлийн 30, Гүйцэтгэх зөвлөлийн 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг.   

 

 

               Форумын үеэр “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд олон нийтийн www.tentsuu.mn цахим платформын нээлт хийлээ.  

Жендерийн үндэсний хороо нь жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах, жендэрийн мэдээллийг хэрэглэгчид хүргэх ажлыг зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд тус шинэ платформын цаашдын тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллахаар хүлээн авч байгаагаа албан ёсоор зарлав.   

 

Сэтгэгдэл