УИХ өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсөв, мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайхан УИХ-д тангараг өргөснөөс гадна ирэх оны төсвийн төслийн талаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь онцлог байв.
Шинэ сайд ядуурлыг бууруулахад онцгойлон анхаарна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл ядуу иргэдийг “улны айл” хэмээн тодотгож хэлсэн нь хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тул түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хүрээнд тус сайдын албан тушаалд УИХ-ын дэд дарга Төмөрбаатарын Аюурсайханыг томилсноо УИХ-д танилцуулав.
МАН-ын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ШӨХТГ-ын дарга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга зэрэг ажил, албан тушаал эрхэлж ирсэн Т.Аюурсайхан нь нэр бүхий гишүүдийн хамт 2018 онд нийгэмд шударга ёс тогтоож, МАНАН бүлэглэлийг устгана хэмээн "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" нэртэй, мянга мянган иргэн оролцсон эсэргүүцлийн жагсаал хийж байсан. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсаас Бельгийн Хаан Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Австрали Улсад Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан, Хөгжлийн банкнаас "Капитал" банкаар дамжуулан зээл авсан хэрэгт саяхан яллагдагчаар татагдаад буй Ж.Батзандан нар тухайн үед “шударга таван гишүүн” гэгдэж байв.
Эл түүхийг дурдсан шалтгаан нь тус таван гишүүн жагсаалын дараагаас бүгд албан тушаалд томилогдсоныг иргэд, олон нийт тодотгож буй юм. Харин сайд Т.Аюурсайхан хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Иргэдийн амьдрал хүнд, үнийн өсөлт их байна. Иргэдийн бодит орлого буурлаа. 3.5 сая иргэний өмнө тулгамдсан энэ асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг. Тиймээс тус салбарыг хариуцуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзээд, энэ ажлыг надад санал болгосон. Хариуцлагатай, хүнд ажил хийх үүрэг, даалгавар оногдож байна” хэмээв. Тэрбээр ядуурлын хэмжээ ноцтой түвшинд байгаа учир үүнийг огцом бууруулахад анхаарч ажиллахаа мэдэгдсэн.
Айлчлалын ачаар хэлэлцүүлж эхэлсэн хуулийн төсөл
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчлал хийж эхэлсэнтэй зэрэгцэн буюу энэ сарын 12-нд УИХ-аар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын индекс гаргадаг Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзсан. Уулзалтын үеэр тэрбээр авлигын гэмт хэргийг бууруулахаар хийж буй ажлуудаас танилцуулахдаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн тухай дурдсан байдаг.
Уг нь тус хуулийг бараг нэг жилийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцээгүй байв. Манай улс авлигын индексээр урагш ахихгүй, ухарсны нэг шалтгаан нь шүгэл үлээгчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин дутмаг байгаатай холбоотой. Дээрх хуулийг хэлэлцэн батлах ажил өнөөг хүртэл удаашралтай байсан ч Ерөнхий сайдын айлчлалын “ачаар” урагшилж эхлэв.
Шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг хамгаалах, төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн, албаны, хувь хүний нууцыг задруулсанд тооцохгүй байх, шүгэл үлээсэн мэдээллийг мэдээлсэн бол эх сурвалжаа нууцлах эрхтэй байх, шүгэл үлээгчид мөнгөн хэлбэрээр урамшуулал олгох зэрэг олон зохицуулалтыг тус хуулийн төсөлд тусгасан.
УИХ-ын гишүүд урамшуулал олгохтой холбоотой зохицуулалтыг эргэж харах, улмаар хуулийг баталснаар социализмын үеийн “матаасны тогтолцоо” дахин сэргэх эрсдэлтэй тул болгоомжтой хандах хэрэгтэй гэж байв.
Төсвийн төслөөр хэлэлцүүлэг хийсэн ч нэг талын мэдээлэл давамгайлав
УИХ-ын онцгой бүрэн эрхийн нэг нь төсөвт хяналт тавих. Ингэхдээ улсын төсвийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж болохоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу УИХ-аас анх удаа ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг лхагва гарагт явуулав.
Уг хэлэлцүүлэгт танхим болон цахимаар 800 гаруй оролцогч хамрагдсан байна. D-Parliament цахим системд байршуулсан Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд 10 хоногийн хугацаанд 68 641 иргэн хандаж, 15 293 хүн төсвийн төсөлтэй танилцсанаас 794 нь саналаа өгсөн аж.
Улсын төсвийн төслийг хэлэлцэж батлахын өмнө иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан нь сайшаалтай ч шүүмжлэх зүйл байсныг дурдах нь зүйтэй. Хэлэлцүүлэг хэт нэг талын буюу Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд нарын мэдээлэл дийлэнх цагийг нь эзэлсэн, иргэдийн саналыг сонсох тал дээр дутмаг байв. Тухайлбал, нэгэн иргэн цахим сүлжээнд "Халамжаас хөдөлмөрт" салбар хуралдаанд Монгол Улсад хамгийн их төвлөрөлтэй Орхон аймгийн 106 145 хүн амд төрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнуудыг төлөөлж асуулт тавьж, санал хэлэхээр нэрээ өгсөн. Гэвч харамсалтай нь, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо санал хэлэх боломж олгосонгүй. Цахимаар оролцож байгаа хүмүүс үг хэлэх гэхээр техник нь саатаад болохгүй байна гэсэн” хэмээн сэтгэгдлээ бичжээ.
Иргэдээс ирүүлсэн саналуудын дийлэнх нь төсөв, мөнгөний бодлоготой холбоотой байсан гэнэ. Түүнчлэн төсвийн орлогыг бодитой тооцох, зарлагыг нь бууруулах боломжтой талаар иргэд, судлаачид түлхүү хөндсөн.
Ташрамд дурдахад, ирэх оны төсвийн төсөлд орлого 18.9, зарлага 20.4 их наяд төгрөг байхаар тусгасан бөгөөд 1.5 их наяд төгрөгийн алдагдалтайгаар боловсруулсан. Үндэсний аудитын газраас үүнд дүгнэлт гаргахдаа ““Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан тодорхой зорилт, үйл ажиллагаанд санхүүжилт тусгасан ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлээгүй, халамжийн зардлыг өмнөх онуудаас бууруулахгүй төсөвлөснөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжих нөхцөл бүрдэхгүй байна” гэх зэрэг олон санал, зөвлөмж гаргажээ.
“Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан” гэв
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.1.1-т зааснаар “Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх” гэж заасан. Мөн Зөрчлийн тухай хуульд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан.
Дээрх зохицуулалтын дагуу цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтан прокурорын хяналт, шүүхийн шийдвэргүйгээр иргэн хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдсан, эсэхийг шалган тогтоож, торгууль ногдуулахаас баривчлах хүртэл төрийн албадлага хэрэглэхээр байгааг гишүүн Б.Пүрэвдорж онцолсон.
Тэрбээр “Иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг Иргэний хуулиар, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар тус тус хамгаалсан. Гэтэл хүний нэр төр, алдар хүндийг Зөрчлийн тухай хуулиар хамгаалж, Үндсэн хуулийн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхийг хууль бусаар хязгаарлаад зогсохгүй шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг олон үндсэн эрхийг хязгаарласан хууль болсон”-ыг тодотгож байв.
Тиймээс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.1.1 дэх заалтын “..өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах” гэснийг хасах нь зүйтэй гэж үзэж, хуулийн төсөл боловсруулжээ.
15 жилийн хугацаанд 7.6 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлжээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны мягмар гаргийн хуралдаанаар Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцлаа. Энэ үеэр хөндсөн зарим тоон мэдээлэл сонирхол татахуйц байв. Тухайлбал, улсын төсвийн урсгал зардал 2005 онд 590.5 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 1 их наяд болж, 1.8 дахин өсжээ. Үүнд цалин хөлсний зардал 143.9 тэрбум төгрөгөөс 2.4 их наяд төгрөг болж 16.7 дахин нэмэгдсэн бол зээлийн үйлчилгээний төлбөр 2005 онд 28.5 тэрбум төгрөгөөс 2021 онд 1.1 их наяд төгрөгт хүрч 39.7 дахин өссөн байна. Ингэснээр сүүлийн 15 жилийн хугацаанд нийт 7.6 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлсөн байна.
UIH.MN