Малын эрүүл мэнд, мах, "Биокомбинат" ТӨХХК-ийн шинэчлэлийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна
2022-10-21

            УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Д.Батлут, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нарын нэр бүхий гишүүд өнөөдөр Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

         УИХ-аас “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг 2020 , Монгол Улсын Засгийн газраас “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг 2018 онд тус тус баталсан.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” дөрөвдүгээр тогтоолын хэрэгжилтийн тайлан, танилцуулгад дурдсанаар Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим суманд үхрийн арьс товруутах өвчний улмаас нийт 1252 толгой үхрийг зайлшгүй шаардлагаар устгалд хамруулсан байна. Мөн хонины цэцэг өвчнөөс сэргийлэх зорилгоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим сумын 2.5 сая толгой малыг дархлаажуулах ажлыг 2022 оны есдүгээр сарын 26-наас эхлэн зохион байгуулж буй хэдий ч 19 хувийн хэрэгжилттэй байгаа аж. 

               Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн бөгөөд үйлдвэр барьсанаар жил бүр гаднаас авч байгаа малын вакциныг дотооддоо үйлдвэрлэх, малыг бүрэн хэмжээнд вакцинжуулж мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтныг эрүүлжүүлэх нөхцөл хангагдаж, цаашид вакцин экспортлох боломж бүрдэн, жилд дунджаар шүлхий өвчнөөс сэргийлэх 10, мялзан өвчнөөс сэргийлэх 10-15, хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 20 сая тун вакциныг үйлдвэрлэх боломжтой гэсэн техник эдийн засгийн тооцоо гаргасан байдаг.

          Уг төсөл ямар шатанд хэрхэн хэрэгжиж байгаа, Биокомбинатын үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэзээ хэвийн тогтвортой болох талаар судлан, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр бодлогын түвшинд анхаарах шаардлага үүсэж байгааг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улс 2018 онд 70.4, 2019 онд 58.6 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Цар тахлын улмаас дээрх тоо, хэмжээ 45 хувь буурч, 2020 онд 38.8, 2021 онд 21.8, 2022 оны есдүгээр сарын байдлаар 3.5 мян.тн мах, махан бүтээгдэхүүн тус тус экспортолсон тухай дүн мэдээнээс харахад махны экспорт 2018 оноос хойш тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мах экспортлох асуудлыг эрчимжүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, стандарт болон импортлогч улсын мах, махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах талаар тавьсан шаардлагыг бүрэн хангасан аж ахуй нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг бодлогын түвшинд дэмжих шаардлага зүй ёсоор тавигдаж байна" гэв. 

       Тиймээс УИХ-ын тухай хуулийн 30.1, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Малын эрүүл мэнд, мах, түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт, Биокомбинат ТӨХХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн асуудлаар шалгалт хийн, дүнг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах, санал боловсруулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулжээ. 

Сэтгэгдэл