Шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авсан даруйд 30 хоногийн дотор шалгаж, хариу мэдэгдэнэ
2022-10-20

             УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийг танилцуулав.   

  

Сайд Х.Нямбаатарын танилцуулгад дурдсан онцлох мэдээллийг хүргэе.

  • НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод Монгол Улс нэгдэн орсноор гишүүн орны мэдээлэгч илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх үүрэг хүлээсэн.
  • Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт жагсаж байгаа бөгөөд Засгийн газар дараагийн хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт дэвшүүлсэн.
  • Монгол Улс 2002 болон 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль баталж мөрдүүлсэн ч шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна.
  • Трансперенси Интернэшнл байгууллагаас Ази Номхон далайн бүс нутагт явуулсан судалгаагаар авлигын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй алхам нь мэдээлэх, гэхдээ  үр дагавраас нь айдаг тул мэдээлэх буюу шүгэл үлээх алхам хийдэггүй гэх дүгнэлт гарсан байна.
  • Дэлхийн 30 гаруй оронд шүгэл үлээгчийг хамгаалах үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэн, зохих урамшууллыг олгодог.

Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд

  • Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авсан даруйд 30 хоногийн дотор хяналт шалгалт явуулж, шалгалтын үр дүнг шүгэл үлээгчид даруй мэдэгдэх бөгөөд шүгэл үлээгч хамгаалалт хүссэн Авлигатай тэмцэх газар болон мэдээллийг хүлээн авсан бусад байгууллага Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг авах үүрэг хүлээнэ.  
  • Шүгэл үлээгч хувийн мэдээллээ нууцлах бүрэн эрхтэй.
  • Аливаа мэдээллийг монгол хэл төдийгүй өөрийнхөө эх хэл, сайн мэддэг гадаад хэлээрээ  амаар, бичгээр, захидлаар эрх бүхий хуулийн этгээд буюу хоёрдогч, гуравдагч этгээдээр дамжуулан гаргах боломжтой.
  • Төсөлд хуулийн үйлчилэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон байна.
  • Шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгажээ.
  • Төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар заажээ.
  • Шүгэл үлээгчийн мэдээлэл хүлээж авах, холбогдох эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг, мэдээлэл хүлээн авах тусгай дотоод нэгж, мэдээллийг бүртгэх, эрх бүхий байгууллага хоорондын дундын мэдээллийн сантай байхаар, АТГ шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, олон нийтэд буюу УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлдэг байхаар, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах мэдээллийг хүлээн авсан, хэвлэл мэдээллийн байгууллага, шүгэл үлээсэн мэдээллийг мэдээлсэн, эх сурвалжаа нууцлах хэрэгтэй байх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.

 

УИХ-ын гишүүд дараах асуултыг ажлын хэсгийнхэнд тавьж, хариулт авав.

Д.Батлут: Төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. “Шүгэл үлээх буюу аливаа төрлийн мэдээллийг илчилснээр иргэдэд урамшуулал олгоно гэсэн зохицуулалт тусгажээ. Энэ нь иргэд бусдыг хилсээр гүтгэх, матах, мөрдүүлэх, шалгуулах, хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Х.Нямбаатар: Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөхийг “шүгэл үлээх” хэмээдэг. Үүн дундаа авлига ашиг сонирхол, нийтийн эрүүл мэнд, шударга өрсөлдөөн, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гэдэг тодорхой хүрээнд мэдээлэл өгөхийг “шүгэл үлээх” хэмээн авч үзэж байгаа. Энэ үйлдлийг хувь хүн рүү чиглэсэн үйлдэл, улс төрийн зорилготой, ахуйн хүрээний хэмжээний асуудлаас ангид гэдгийг ойлгох нь зүйтэй.  Өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал бий болгох зорилгоор, эсвэл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг шүгэл үлээсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалтыг төсөлд тусгасан.

П.Сайнзориг (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга): Шүгэл үлээх тохиолдолд мөнгөн урамшууллыг заавал олгохгүй. Харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явагдан, асуудал шүүхээр эцэслэсэн шийдвэрлэгдсэн тохиолдолд шүгэл үлээгч хүсэлт гаргана. Харин эл хүсэлтийг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх юм.  

Г.Амартүвшин: Төсөлд тусгасан байдлаар шууд мөнгөн урамшуулал олгох нь олон сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэй. АНУ-д шүгэл үлээгчийн нууцыг хамгаалдаг зохицуулалт бий.  Гэхдээ үнэт цаас, санхүүгийн төрлийн гэмт хэргээр шүгэл үлээсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгодог. Мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг эргэж харах хэрэгтэй.

Б.Энх-Амгалан: Гадаад хэлээр мэдээлэл гаргах нь нээлттэй юм байна. Гадаадын иргэд Монгол Улсын дотоод хэрэгт оролцож, монгол иргэдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нөхцөл бүрдүүлбэл яах вэ. Энэ нь үндэсний аюулгүй байдал, төрийн дархлаа талаас нь, хүний эрх, ард түмний эв нэгдэл талаасаа эрсдэлтэй.     

Х.Нямбаатар: Төрийн аливаа үйл ажиллагаа авлигажсан байж болохгүй, үүний эсрэг олон нийтийн хяналтыг бий болгох гэж төслийг боловсруулсан. Төсөл дэх зохицуулалтууд нь олон улсын нийтлэг жишиг. Төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан ажил үүргээ хууль, журмын хүрээндээ гүйцэтгэж байгаа тохиолдолд тэр хүний ажил хөдөлмөрийг харлуулж, гүтгэх зорилгоор хуулийн байгууллагад шалгуулж байгаа үйлдэл, үйл ажиллагаа өнөөдөр ч гарсаар байгаа. Энэхүү эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ нийтийн албан тушаалтны хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах зорилготой.  

 

Сэтгэгдэл