Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 11-нд өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Монгол Улс НҮЗ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноор гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдсан.
Түүний танилцуулгад дурдсан онцлох мэдээллийг хүргэе.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа.
Дараа нь төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүн Б.Энхбаяр төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн харилцааг зохицуулах, татварын асуудлаар шүгэл үлээхийг дэмжих аталаар тусгах шаардлагатай гэв. Мөн гишүүн Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.