Ж.Бат-Эрдэнэ: “Та нар хувийнхаа мөнгөөр санхүүжүүлж буй юм шиг хачин хандах хэрэггүй”
2022-10-07

            УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2023 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуралдааны үеэр зарим гишүүн аймгуудад эрс ялгаатай төсвийн дэмжлэг олгохоор төсөлд тусгасанд уурсаж байв.

Ирэх онд орон нутгуудад хэдий хэмжээний санхүүгийн дэмжлэг олгох талаарх графикийг доор харуулав.  

Гишүүдийн байр суурийг хүргэе.  

Ж.Бат-Эрдэнэ: Төслийн гуравдугаар бүлэгт орон нутагт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тусгажээ. Ямар шалгуураар энэ хэмжээг тогтоодог вэ. Булган, Сүхбаатар аймагт наймхан тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэг олгохоор тусгажээ. Зарим нь үүнээс эрс өндөр дүнтэй байна. Энэ ямар учиртай юм бэ. Ямар үндэслэлээр ийм ялгаатай байна вэ. Мөн аймгуудын Орон нутгийн хөгжлийг дэмжих сангуудад олгох төсвийн хэмжээ ялгаатай байна.

Б.Жавхлан (Сангийн сайд): Төсвийн дэмжлэг нь Орон нутгийн хөгжлийн сангаасаа ялгаатай ойлголт. Орон нутгийн хөгжлийн санд олгох төсвийн хэмжээг хүн амын тоо, газар зүйн алслал зэрэгт тулгуурлаж олгодог. Төсвийн дэмжлэг бол орлого, зарлагын зөрүүнээс хамаардаг. Зургаан аймаг, нийслэлээс зөвхөн улсын төсөвт орлого төвлөрүүлдэг. Бусад нь улсын төсвөөс татаас авдаг.

М.Санжаадорж (Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга): Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу аймгуудад төсвийн дэмжлэг олгодог.  Харин Орон нутгийн хөгжлийн санд олгох хөрөнгийн хэмжээг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу орон нутгийн хөгжлийн индекс, хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ гэсэн гурван индексэд тулгуурлан олгодог.

Ж.Бат-Эрдэнэ: Та нар хувийнхаа мөнгөөр санхүүжүүлж байгаа юм шиг хачин хандлага гаргах хэрэггүй. Аймгуудад олгох төсвийн дэмжлэгийн хэмжээний ялгааг нэг хар. Тэгвэл үүнд олигтойхон шиг тайлбар өг л дөө. Яагаад зарим нь найм, зарим нь 20 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэг авдаг юм бэ. Тийм гайхалтай хөгжчихсөн юм уу, тэр аймгууд чинь. Хөгжчихсөн учраас ийм бага мөнгө олгох юм уу. Хэчнээн олон жилийн турш ярих гэсэн юм, үүнийг.

Б.Жавхлан: Бат-Эрдэнэ гишүүн ээ, бухимдаад байх зүйл үгүй. Бид нарын баримталж буй хууль нь өөрөө тийм зохицуулалттай юм. Түүнээс биш үзэмжээрээ аймгуудад олгох төсвийн дэмжлэгийг шийдэхгүй. Танд хуулийг нь өөрчлөх эрх бий.  

 

Бэлтгэсэн: UIH.mn 

Сэтгэгдэл