Л.Оюун-Эрдэнэ: "Улсын төсвийн төслийн хувилбарыг нэг их өөрчлөхгүйгээр баталж өгөхийг хүсье"
2022-10-06

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг танилцуулав. Түүний танилцуулгад дурдсан онцлох мэдээллийг хүргэе.

  • 2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.
  • Ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.
  • Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ.
  • Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ.
  • Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ.
  • Цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжинэ.
  • Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна.
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байна.
  • Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.

 

                УИХ-ын гишүүд төсөлтэй холбогдуулан ямар асуулт тавьж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.  

"Иргэдийн 33 хувь нь хүүхдийн мөнгийг хэрэглэхгүйгээр шууд хадгалдаг"

Х.Булгантуяа: Төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөгөөр бууруулан төслийг нь боловсруулсанд иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Түлш, бензин, шатахууны асуудлыг ирэх онд хэрхэн шийдэх вэ. Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох вэ. Цахилгааны зардлыг иргэд өөрсдөө төлөх үү асуулгаж байна. 2018 онд нийгмийн халамжийн арга хэмжээнд 623.8 тэрбум зарцуулсан бол 2023 онд энэ тоо 1 их наяд 991.4 тэрбум буюу бараг 2 их наяд төгрөг болж нэмэгдэх нь.

Б.Жавхлан (Сангийн сайд): Байж болох хамгийн бага алдагдалтайгаар төсвийн төслийг боловсруулсан. Үүнийг хэлсэнд баярлалаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад хүүхдийн мөнгийг хамааруулсан тул нийгмийн халамжийн зардал бараг 2 их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө нь халамжийн нэг төрөл. Нийт хүүхдүүдийн 9 хувь нь буюу өндөр орлоготой өрхүүдийнхийг уг халамжаас татгалзах байдлаар төсөл боловсруулсан. Хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг зарцуулна. Судалгаа хийж үзэхэд иргэдийн 33 хувь нь хүүхдийн мөнгийг хэрэглэхгүйгээр шууд хадгалдаг юм билээ. Хүүхдийг мөнгийг бэлнээр авах уу, хадгаламжид байршуулах уу гэж асуусан. Иргэдийн 90 гаруй хувь нь хүүхдийн мөнгөө аваад хадгалдаг гэж хариулсан.

Ж.Ганбаатар (УУХҮ-ийн сайд): Монгол Улсын шатахууны нийт хэрэглээ 1.5 сая тонн. Туслах материалтай нь нэмж тооцвол 1.8 сая тоннд хүрдэг. Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд шатахууныг тогтвортой үнээр авах гэрээ байгуулах эхлэлийг тавьсан. Тухайлбал, А-92 бензинийг 815 ам.доллароор таван жилийн хугацаанд импортлох боломж бүрдсэн. Гэхдээ гэрээг нь хараахан байгуулаагүй. Дизелийн түлшний хувьд зах зээлийн үнээс 10 хувиар хямд авч байгаа. “Роснефть” компани дотоод зардлуудаа тодорхой хэмжээгээр буулгаж байгаа. Хэрэв зах зээлийн үнэ өнгөрсөн есдүгээр сарын 2-ны байдлынхаасаа хойш гурван сар дараалан 30 хувиар савласан (огцом, буурах) тохиолдолд эргэж харах заалтыг гэрээнд тусгана.

“Сайжруулсан шахмал түлшний үнийг хямдруулахгүй”

Б.Бат-Эрдэнэ (БОАЖ-ын сайд): Агаарын бохирдлыг бууруулахад 27.2 тэрбум төгрөг суулгасан. Үүнийг аймгуудын дулааны цахилгаан станцын зуухны яндангийн утаа шүүгч суурилуулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалт, цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах, судалгааны ажлуудыг урагшлуулах, ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгох, аюултай хог хаягдлын агуулахууд байгуулах, ойн анги байгуулах, 20 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах гэх мэтчилэн арга хэмжээнд зарцуулна. Сайжруулсан шахмал түлшний үнийг хямдруулахгүй. Мөн цахилгаан дулааны төлбөрийг хөнгөлөх талаар тус багцад (27.2 тэрбум төгрөгийн) багтаагүй.

С.Одонтуяа: Эдийн засаг дахь төсвийн зардал нь 37.7 хувь гэж байна. Энэ чинь эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байгааг батална. Үүнийг багасгахыг бид үргэлж шаардаж байгаа. Эдийн засгийн эрмэлзлэлийг сайжруулах чиглэлд Монголын төр ажиллахгүй байна. Иргэд бизнес хийх эрмэлзэлгүй болсон нь хамгийн аймшигтай үзэгдэл. Халамжаас хөдөлмөрт шилжүүлнэ гэсэн. Гэтэл Халамжийн сангийн зардлыг 113.9 тэрбум төгрөөгр нэмсэн нь ямар учиртай юм бэ. НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгож бууруулах санал гаргаад л байгаа. Иймэрхүү зоригтой шийдлийг хийж болохгүй юү. Бүгд төлдөг болчихвол НӨАТ-аас улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нэмэгдэх юм биш үү.

Ч.Хүрэлбаатар (Эдийн засаг, хөгжлийн сайд): Бодитой харах ёстой. Бусад улсуудын алдаа туршлагаас харж, зөвийг нь хэрэгжүүлэх нь зүйтэй. Монгол Улсад тулгамдаж буй асуудал бол эдийн засгийг тогтворжуулах явдал. Одоогийн нөхцөл байдал бол өмнө нь болж байсан санхүүгийн хямралуудаас хамгийн удаан үргэлжилж байгаагаараа онцлог. Тиймээс бидний хамгийн том зорилго бол макро эдийн засгийг тогтворжуулах. Энэ нь валютын ханш, инфляцыг тогтворжуулах давуу талтай. Үнэ тогтворжихгүй байгаа учраас хэчнээн сайхан бизнес хийх эрмэлзэл байлаа ч ажил хэрэг болохгүй.   

Б.Жавхлан: НӨАТ бол олон улс дахь сонгодог татвар. Бусад орнуудыг бодвол манай улс уг татварыг бага хувиар тогтоосон. 170 гаруй улс НӨАТ-ын системтэй.с

“Улсын нууцад хамааруулсан төслүүдийг ил болгоно”

Т.Доржханд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баялгийн сан, тэтгэврийн шинэчлэл гэж маш их ярьдаг. Гэтэл ирэх оны төсөвт тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой ямар ч зардал тусгаагүй байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийг харвал улсынхаас илүү их хэмжээтэй төсөвтэй. Улсын төсвөөс гадуур нэмэлт шинж чанартай төсөв бий болчихсон байна. Төсвийг иргэдтэй нээлттэй хэлэлцэж байж зарцуулах ёстой байтал тэнд нэг захирал шийдэж, зарцуулж байна. Улсын нууцад хамааруулсан төслүүд, бүтээн байгуулалтуудыг хэзээ ил болгох вэ. Хэнтий, Дархан-Уулд шинээр хөрөнгө оруулалт хийх үү. Аудитын дүгнэлтэд “Халамжийн зардлыг өмнөх оныхоос бууруулаагүйгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхгүй” гэж бичсэн байна.

Ч.Хүрэлбаатар: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төсвийг улсынхтай нэгтгэ гэж хэллээ. Өмнө нь олон төсөвтэй байснаас одоогийнх огт өөр шүү. Нүүрс тээвэрлэх төмөр зам барих төсвийг олон жил ярьсан. Тавантолгойн нүүрсийг зөөж байгаа бол цэвэр бизнесийнхээ зарчмаараа буюу төмөр зам барих төсвийг тэндээс гаргахаар шийдсэн. Урд болон зүүн хил рүү чиглэсэн төмөр зам, цахилгаан станц барих ажлыг “Эрдэнэс Тавантолгой” өөрөө хариуцаад хийг гэсэн юм. Харин үүн дэх төрийн оролцоо бага байх ёстой. Бизнесийн зарчмаараа хийж байгаа хөрөнгө оруулалтын төсвийг тусад нь байлгах нь зөв. Улсын нууцад хамааруулсан төслүүдийг ил болгоход би 100 хувь таньтай санал нэг байна. Засгийн газрын саяхны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, ил болгох тогтоолыг нь баталсан.

Ц.Сандаг-Очир: Төсвийн тодотгол хийхгүй байх баталгаа байна уу. Төрийн албан хаагчдын цалинг яаж нэмэгдүүлэх вэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн зардлыг төрийн албаны ангилал ахиулах маягаар нэмэгдүүлсэн. Үүн шигээ төрийн бусад албан хаагчийн цалинг нэмэх үү. Шаталсан татварын тогтолцоонд шилжүүлнэ гэнэ. Сарын 10, жилийн 120 сая төгрөг хүртэлх орлоготой хүн үүнд хамаарахгүй юм байна. Хэчнээн хүнээс шаталсан татвар авах вэ. Үүнээс хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ. Мэргэжлийн хяналтын тогтолцоог яаж өөрчлөх вэ. 

"Орон нутаг дахь төрийн албан хаагчдын цалинг шууд 20 хувиар нэмнэ"

Л.Оюун-Эрдэнэ (Ерөнхий сайд): 2022 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед манай улсын эдийн засаг -5.3 хувь руу уначихсан,  төсвийн орлого 23 хувиар тасарсан, хатуу хөл хориотой, хичээл, сургууль ажиллахаа больчихсон, цар тахлын эсрэг вакцин олдохгүй, ийм л цаг үе байсан. Өнөөдөр эдийн засаг тогтворжиж, 3 хувиар өсөх тооцоололтой байна. Хөл хориог суллаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхижсэн. Хөл хориог цуцлаад 10 хоносны дараа дайны нөхцөл рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий цар тахлын нөхцөл байдлаас дайны үе рүү шилжсэн. 2023 оны улсын төсөв бол цар тахлын нөхцөл байдал, дайны "шок"-ноос гарахад чиглэгдэж байна. Оны эцэс гэхэд эдийн засаг таван хувиар өсөх зорилт дэвшүүлсэн. Засгийн газраас өргөн барьсан төслийн хувилбарыг нэг их өөрчилгүйгээр баталж өгөхийг Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсье. Ингээд нэг жилийн дараа хамтдаа үр дүнгээ ярилцъя.

Б.Жавхлан: Ирэх жилд аль болох төсвийн тодотгол хийхгүй. Сүүлийн 10 гаруй жилд төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоо алдагдсан. Өөрийн гэсэн хуультай, олон бие даасан байгууллага цалингийн тусгай системтэй. Энэ нь төсвийн тогтолцоон дахь цалингийн системийг эвддэг. Тэгэхээр эрүүл мэнд, боловсролын салбарт томоохон төсвийн шинэчлэл хийж байгаа, сүүлийн 2 жилд. Үүнтэй зэрэгцэн цалингийн тогтолцооны бүрэн шинэчлэл хийгдэж байна. Ажил хийж чадаж л байвал, илүү үр дүн гаргаж ажиллавал, төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй гүйцэтгэж буй нь өндөр цалин авах боломжтой. Орон нутаг дахь төрийн албан хаагчдын цалинг шууд 20 хувиар нэмнэ. 

Сэтгэгдэл