УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ингэснээр ирэх долоо хоногийн сүүлчээр эдгээр хуулийг батлах юм. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн нэрийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болгон өөрчилсөн байна. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хуралдааныг даргалж, 09.15 цагт 51.3 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Хоёр гишүүн гадаадад томилолттой, гурав нь тойрогтоо ажиллаж байгаа, долоо нь ажил үүрэгтэйгээ холбоотойгоор чөлөө авсныг хуралдаан даргалагч танилцуулав.
С.Бямбацогт: Ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийн ханш хоёр саяд хүрсэн
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13.4-т "Гишүүн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол УИХ-ын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу саналаа ирүүлсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар хэлэлцэх асуудалтай холбогдуулан горимын санал хэлсэн юм. Тодруулбал, иргэдийн тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо шимтгэл төлсөн долоо биш, таван жилийн дунджийг нь харгалзан үзэх зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яагаад хэлэлцэхгүй байгааг гишүүн Б.Пүрэвдорж хөндөв. Тэрбээр "Би нэлээд тэмцсэний эцэст өргөн барьсан хуулийн төслөө арван нэгдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Харамсалтай нь, Нийгмийн бодлогын байнгын хороо үүнийг хэлэлцсэнгүй. Тус хорооны дарга миний санаачилсан төслийг "түүхий" байна гэсэн. Тийм биш. 30-40 жилийн турш нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлсөн иргэд тэтгэврийн хэмжээгээ таван жилийн дунджаар тогтоолгох учиртай. Тиймээс уг төслийг арван хоёрдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгнө үү" гэв. Харин гишүүн С.Бямбацогт "Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 онд өргөн барьсан. Хэлэлцэхийг нь дэмжсэн атлаа дахиж "сөхөлгүй" гурван жил өнгөрлөө. Энэ бол тусгай зөвшөөрлийн тоог бууруулах төсөл. Авлигыг бууруулъя л гэдэг. Гэтэл хэн нэгэн албан тушаалтны гарын үсэг зурж олгодог тусгай зөвшөөрлийн тоог нэмээд байвал ямар үр дүнд хүрэх вэ дээ. Жишээ нь, ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийг 70 мянган төгрөгөөр олгодог. Гэтэл үүний албан бус ханш нь хоёр саяд хүрсэн. 5000 машин зорчих ёстой газар яагаад 20 мянган машин явах ёстой юм бэ. Тиймээс уг төслийг яаралтай хэлэлцэхийг хүсэж байна" хэмээв.
Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх хуультай. Гэтэл дээрх горимын саналтай холбогдуулан ямар нэг санал хураалт явуулсангүй.
"Элчин сайдын яамны ажилтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ"
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн танилцуулгыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хийлээ. Төрийн байгууллага нь мэдээллийн эзэн буюу иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, хуульд заасан үндэслэлээр, мөн гэрээ байгуулах, үүний хэрэгжилтийг хангах зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах боломжтой байхаар төсөлд тусгасан. Харин хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь дээрх үндэслэлүүдээс гадна нийтэд ил болгосон, хүнийг тодорхойлох боломжгүй болгож, бүтээл туурвих, нээлттэй өгөгдөл бэлтгэх тохиолдолд мэдээлэл цуглуулж, боловсруулж болно. Гэхдээ мэдээллийг зөвшөөрлийн дагуу цуглуулж, боловсруулж буй эрх бүхий этгээдүүд хариуцагч болж, тодорхой үүргүүд хүлээхээр зохицуулсан юм.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. Тэрбээр "Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнтэй холбогдуулан үг хэлмээр байна. Мэдээлэл бол нээлттэй байх ёстой. Харин хүний хувийн мэдээллийг тодорхой хэмжээнд хамгаалах ёстой. МАН их хурлаа хийх үеэрээ "Ази тивд анх удаа байгуулагдсан нам гэж өөрсдийгөө тодотгох. 100 жилийн турш үйл ажиллагаагаа явуулжээ. Гэтэл БНСУ-д 13 настай монгол охин зургаан цагийн турш хүчирхийлүүлсэн хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсныг мэдээгүй байна. Ийм л байдалтай байсаар. Төр, засгийн эрхийг барьж буй, 100 жилийн ойгоо тэмдэглэж буй намынханд баяр хүргэмээр байгаа ч чадахгүй нь. Монгол Улсын иргэний хувьд би ичиж байна. БНСУ 30, 40 жилийн өмнө ардчиллыг сонгосон, эхний жилүүдэд нь солонгосчууд ялангуяа Германд олноор ажилладаг байсан. Ингэж ажиллаж байх үед нь БНСУ-ын Ерөнхийлөгч очиж, "Та нарыг ийм хүнд хэцүү нөхцөлд ажиллуулж байгаад уучлал хүсье. Би 20, 30 жилийн дараа улсаа ХБНГУ шиг болгоно гэж амласан. Амлалтдаа хүрсэн. Гэтэл 100 жилийн түүхтэй гээд цээжээ дэлдээд байх юм. Ард түмний амьдрал хүнд байна. 13 настай охины ээж уйлж, "БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд хэрхэн ажилладгийг би мэддэг учраас би итгэхгүй байсан" гэж хэлсэн. Элчин сайдын яамны ажилтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ. Бодит ажил хийхгүй байж "авлигатай тэмцэнэ, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаална" гээд ярьцгаах юм" гэв.
Үндэсний дата төвд хуулиар эрх олгоогүй ч 8008 хүнд тоон гарын үсэг өгчээ
Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлээгүй тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан IRIM судалгааны хүрээлэнгээс дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тодруулбал, "Бид төрийн бодлого, үйл ажиллагаанд мониторинг, үнэлгээ хийдэг туршлагатай ба өнгөрсөн есөн жилийн турш нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлын үнэлгээг хийж ирсэн. Энэхүү үнэлгээг 2011 онд баталсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд түшиглэсэн арга зүйгээр хийдэг. Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь одоо мөрдөж байгаа хуулиас агуулгын хувьд өргөн хүрээтэй, цахим технологийн хөгжилтэй нийцүүлсэн хууль болж буй ч энэ хэрээрээ ойлгомжгүй, тодорхой бус байна" гэжээ. Мөн "Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 9.3, 9.6-д мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгөөр мэдээлэлтэй танилцах боломжтой гэсэн нь энэ хуулийн үйлчлэх хүрээг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Зөвхөн үүнд үндэслэн мэдээлэл ил тод болохгүй байх, мэдээлэл авах эрхийг хязгаарлах үндэслэл болж байгаа нь өмнөх хуулиас дордуулсан зүйл заалтын нэг жишээ юм... Төсөлд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих субъект болон үнэлэх, дүгнэх үйл явцыг тодорхой тусгаагүй. Энэ нь хуулийн хэрэгжилтийн хангах асуудлыг тодорхойгүй болгож байгаа"-г хөнджээ.
Цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 онд баталсан ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг салбарын төсөөлөл хэлдэг. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгад дурдсанаар "Тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд олгодог. 2015 онд “Мон пасс”, 2018 онд “Тридиум и-секюрити”, “ВиЭсЭм”, “Нью компасс” гэсэн дөрвөн компани Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл авчээ. 2021 оны гуравдугаар сарын байдлаар 30 399 тоон гарын үсгийн гэрчилгээг иргэн, хуулийн этгээдэд олгосон байна. Харин “Үндэсний дата төв” УТҮГ-аас төрийн 8008 албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээг олгосон хэдий ч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тус байгууллагад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох эрх олгоогүй" аж.
Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулах, гэрчилгээг иргэнд тав, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд гурван жилийн хугацаагаар олгох талаар төсөлд тусгажээ.
Бат.Уянга