Улсын хэмжээнд 7.2 сая ширхэг мод тарьжээ
2022-10-04

       УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийсэн. Түүний мэдээлэлд дурдсан онцлох тоо баримтыг дурдъя. 

  • 2020 оны байдлаар ойн сан бүхий газар 18,321 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.7 хувийг эзэлж байна. Үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 7.9 хувь.
  • Үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэхэд жилд 150 сая тарьц, суулгацын нөөц шаардлагатай
  • Сэрүүн бүсийн ойн нөхөн сэргээх зорилгоор 667.2 сая мод, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад 272.3 сая, голын эх, татам, нуур, цөөрмийн орчимд 229.8 сая, хамгаалалтын зурваст 209.4 сая, төв, суурин газрын ногоон байгууламж 130.8 сая буюу нийт 842.4 сая навчит үүлдрийн модыг тарьж нийтдээ 1.5 тэрбум модыг тарьж, ургуулах тооцоолол гаргасан. 
  • 2021-2022 оны намар, хаврын улиралд 21 аймаг, нийслэл 3.8 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 3.4 сая, улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьсан

 

        Байнгын хорооны гишүүдийн зүгээс Монгол Улсын ойн хэдэн хувь нь хортон шавьж болон гал түймэрт өртөөд байгааг илүүтэй лавлаж байлаа. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын бодлоготой уялдуулан жимс, жимсгэний мод суулгахаар төлөвлөсөн, эсэх уулын модыг нийслэл хотод шилжүүлэн тарьж суулгаж байгаагийн үр дүнгийн талаар илүүтэй тодруулав.

          Ажлын хэсгийнхэн хариулахдаа "Монгол Улсын нийт ойн сангийн 1.8 сая га талбай хөнөөлт хортон шавьж, гал түймэрт өртөж сүйдсэн. Үүнийг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид 11 хувьд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас уулын модыг суурин газарт шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил 8400 ширхэг модыг хот суурин газрын ногоон байгууламжид тарьж суулгасан бөгөөд ургалт нь 99 хувьтай байгаа гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Ер нь стратегийн орд бүхий газар, авто зам барих, эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам татах зурвас газрын модыг тайрч цэвэрлэх шаардлагатай байдаг. Энэ асуудалд салбарын яам, орон нутгийн харьяа байгууллагуудтай хамтарч мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргасны үндсэн дээр модыг тодорхой тоогоор шилжүүлэх асуудал байдаг. Үүнээс бусад тохиолдолд ойгоос мод шилжүүлэхийг хориглосон" гэв.

            Түүнчлэн салбарын яамнаас 1990 оноос өмнө жимс, жимсгэнэ тарьж байсан талбайнуудыг сэргээх бодлогыг барьж байгаа аж. 

Сэтгэгдэл