“Давхардсан тоогоор 2.5 сая иргэн халамж авдаг”
2022-10-04

              УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхэнд асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.   

 

Ц.Сандаг-Очир: Аудитаар “хангалтгүй, уялдаа холбоогүй, үр дүнг тооцдоггүй” гэсэн ерөнхий дүгнэлт гаргажээ. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам (ХНХЯ)-ныхан аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, санал нийлж байгаа юу. Хүлээн зөвшөөрч байгаа бол алдаагаа залруулах чиглэлд ямар арга хэмжээ авах вэ. Залуус намар болохоор самарт, хавар болохоор ямаа самнах ажилд олноор явдаг. Тэднийг ажилтай гэж үзэх үү. Ажилгүйдлийн түвшинг яаж тооцдог вэ. Манай улс ажиллах хүчний хомсдолтой улс мөн үү. Төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд гадаадаас олон ажиллах хүч оруулдаг. Тогтвортой нэг ажлын байрыг бий болгоход яг хэдэн төгрөг шаардлагатай вэ. Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газруудад олгосон санхүүжилт, дэмжлэгүүд ажлын байр бий болгоход хангалттай хүрэлцдэг үү.

С.Зулпхар (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд): Аудитын дүгнэлт, зөвлөмжтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Бүтэц, зохион байгуулалтын хувьд гарцаагүй анхаарах ёстой зүйл мөн. Тухайлбал, нийслэлд халамж болон хөдөлмөр хариуцсан газар нь тусдаа ажилладаг. Тэгсэн мөртлөө чиг үүргийнх нь дагуу санхүүгийн зарим дэмжлэгийг нь өгөөгүй гэх мэт асуудал байсныг нэгтгээд шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэн. Өмнө нь орон нутгийн хэмжээнд жишээ нь, долоон хөтөлбөр хэрэгжүүллээ гэхэд бүгдийг нь нэгэн зэрэг урагшлуулдаг байсан. Харин одоо ямар хөтөлбөрийг нь түлхүү хэрэгжүүлэхээ тухайн аймгийн удирдлага, ажилтнууд өөрөө шийдэж, түүнд нь ямар хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй, эсэхийг тооцож, санхүүжилт олгодог болсон. Цаашид мэдээллийн системийг хөгжүүлж байж удирдлага, зохион байгуулалт сайжирна гэдэг ойлголтод бид хүрсэн. Аудитаар “Танай мэдээллүүд алдаатай, хөтөлбөрүүдээ сайн удирдаж чадахгүй байна” гэсэн. Хэдий хэмжээний зардлаар ажлын байр бий болгох вэ гэдэг асуултад хариулахад тухайн хүний ажлын байр харилцан адилгүй. Зарим тохиолдолд богино хугацааны эргэлтийн хөрөнгө буюу 500 мянган төгрөг хэрэгтэй гэдэг. Үүнд нь тохируулан 1 сая хүртэлх эргэлтийн хөрөнгийг барьцаагүйгээр олгодог. 2-10 сая төгрөгийн дэмжлэг нь ажлын байр бий болгох, хадгалах нөхцөл бүрдүүлдэг. Энэ жилээс ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг олгосон бол түүний араас мөшгиж судалгаа хийнэ.

С.Дамбий (ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг зохицуулах газрын дарга): Хөдөлмөр эрхлэлтийн үндсэн үзүүлэлтийг тооцох аргачлалыг ХНХ-ын сайд, ҮСХ-ны дарга хамтран баталсан. Уг аргачлалыг олон улсын зөвлөмж, жишигт нийцүүлэн гаргадаг. Нийт ажилгүй хүнийг ажиллах хүчинд харьцуулж ажилгүйдлийн түвшинг тооцдог. Өөрөөр хэлбэл, нийт ажилгүй хүнийг хөдөлмөр эрхэлж буй болон ажилгүй байгаа хүний тооны нийлбэртэй харьцуулж гаргадаг. Малчин нь ажил эрхэлж байгаа хүний тоонд багтдаг. Ажиллах хүчний түүвэр судалгаагаар бүх тоон мэдээллийг гаргадаг. Сүүлийн 7 хоногт ажил эрхэлж, орлого олоогүй гэж хариулсан бол ажилгүй хүний тоонд ордог. Ажил эрхлэхэд бэлэн үү гэх асуултад тийм гэж хариулсан бол ажилгүй хүний тоонд багтдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн идэвхтэй хүн гэсэн ангилалд тооцдог.  

Ч.Ундрам: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайланг хэлэлцэж байна. Үр дүн маш тодорхой. Ажилгүйдлийн түвшин буураагүй. Та нар татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан уу гэвэл тийм. Тэгэхээр баахан төсөл, хөтөлбөр боловсруулж, түүндээ татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаад зогсохгүй ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл гэж байдаг юм байна. 2016-2021 онд тус зөвлөлөөс найман ажил авч хэрэгжүүлсэн бөгөөд үүнд 138.2 тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүнд нь ажилгүйдэл нэмэгдсэн. Хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхгүй, ажилгүйдэл ихсээд байгаа нь хоёр том шалтгаантай гэж би хардаг. Нэгдүгээрт, хэт их халамж. Дэд сайд “Ажилгүйдэл, халамж хоёр хоорондоо бараг буюу 5-6-хан хувийн хамааралтай гэсэн судалгааны дүгнэлт гарсан” гэж хэлсэн. Би бол тэр судалгаанд итгэхгүй байна, ямар аргачлалаар хийсэн юм бэ. Халамжийг давхардсан тоогоор 2.5 сая иргэн авдаг гэнэ. Монгол Улсын хэдэн иргэн хоёр төрлийн халамжийг давхардуулж авч байна вэ. Тэр нь хэдэн төгрөг болдгийг тооцдог уу. Хоёрдугаарт, боловсролын асуудал. Их, дээд сургуулийн болон мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн бодлого ажил олгогчид юу хэрэгтэй байгаатай уялдаггүй. Их, дээд сургуулиуд нь баахан чанартай, чанаргүй, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн хүмүүс бэлтгэдэг. Агрономич, трактор, комбайн засварчин олдохгүй байна. Боловсрол хариуцсан яамныхантай уулзаж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын уялдаа холбоог хангах чиглэлд ажиллах талаар ярилцсан уу.  

С.Зулпхар: Өнгөрсөн хугацаанд ажилгүйдлийн түвшинг бууруулж чадаагүй гэсэн дүгнэлт байгаа. Ажилгүйдлийн түвшин их хэмжээгээр өсөөгүй бас буураагүй. Сүүлийн гурван жилд эдийн засгийн нөхцөл, ялангуяа цар тахлын нөлөөгөөр учирсан хүндрэл бий. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд нэг талаас, ажлын байр бий болгох ёстой ч нөгөө талаас, хадгалахад чиглэдэг. 2.5 сая хүний 800 мянга нь давхардсан байдлаар халамж авдаг. Ахмад настан бол зарим тохиолдолд тав хүртэлх төрлийн халамжийн үйлчилгээ авах нь бий. Хуулиар олгосон эрх нь юм. Мэргэжлийн боловсролын асуудлыг манай яам хариуцаж байх хугацаанд нэг чухал ажил хийсэн. Мэргэжлийн 30 зөвлөл байгуулсан. Тэр зөвлөлүүд нь тухайн салбар дахь аль мэргэжлийн хүнийг ямар стандартаар сургаж, бэлтгэх вэ гэдгийг тодорхойлж, мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн төгсөгчдөд хөндлөнгийн үнэлгээ хийдэг байсан. Боловсрол хариуцсан яамныхантай мэргэжлийн боловсролын асуудлыг хүлээлгэж өгөх болон өгсний дараа гээд хоёр удаа уулзалт хийсэн. Мэдээж уялдаа холбоог хангах чиглэлд дутмаг байгааг хүлээн зөвшөөрнө.  

Сэтгэгдэл