ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамж гаргав
2022-09-27

Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамж гаргасныг мэдээлэв. 

            ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээллийн явцдаа гаргасан алдааг Монголын ард түмэн шүүмжиллээ. Хоёр өдрийн туршид Монголын ард түмэн сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан ихээхэн шүүмжлэлийг Засгийн газар, салбар эрхэлсэн сайдад ирүүлж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт зөрчсөн үйлдлийг гаргасан. Тухайлбал, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж заасан байдаг. Мөн 19 дүгээр зүйлд “төр хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцдаг” гэж заасан байдаг. Эдгээр заалтыг Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалтан зөрчсөн үйлдэл гаргасан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдын албан тушаалаас огцруулсугай” хэмээн тушаал гаргалаа. Үүнтэй холбогдуулж, УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бичгийг Засгийн газраас хүргүүлдэг. Огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэллээ" гэв. 

           Салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ мөн өгсөн болохыг тэрбээр дурдлаа. 

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Д.Сарангэрэл сайдын тухайд ажлаа аваад удаагүй хэдий ч болгоомжгүй, үгийн алдаа хийж, ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна. Нөгөө талаас Ерөнхий сайд МАН-ын даргын албан тушаалыг хашдаг. МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж, Засгийн газрыг төлөөлж буй сонгуульт албан тушаалтантай хариуцлага ёс зүйн гэрээ хийж хамтарч ажилладаг. Энэхүү гэрээг энэ оны наймдугаар сарын 30-нд буюу сайд нар албан ёсоор томилогдсон өдөр үзэглэсэн. Түүний дагуу улс төрийн хариуцлагын асуудал хөндөгдөж шийдэгдсэн. Д.Сарангэрэл сайдыг чөлөөлсөн тул дараагийн сайд томилогдох хүртэл ХНХ-ын сайдын ажлыг миний бие хариуцаж ажиллана" гэв. 

 
Сэтгэгдэл