Засгийн газар өнөөдөр хуралдаж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо. Тодруулбал, тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай 2015-2016 онд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд даалгав.
"Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг ЗГХЭГ-ын даргад даалгалаа. Мөн төрийн хүнд суртлыг бий болгодог, давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн зохион байгуулахыг үүрэг болгов. Ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ өөрчлөлтийг тусгах аж. Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэл болон Агаарын бохирдлыг бууруулах, Спортыг дэмжих гэх мэтчилэн үндэсний зарим хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулахаар тогтжээ. Үүнээс гадна 2023 оны улсын төсвийн төслийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний саналыг тусгаж УИХ-д өргөн барихыг үүрэг болголоо.
Аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61 мянгаар өсжээ
“Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу Аж ахуйн нэгжийн долоо дахь удаагийн ээлжит тооллогыг 2021 оны арваннэгээс арванхоёрдугаар сард анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. Тооллогын дүн, цаашид авах арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Тооллогод 180 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагджээ. Өөрөөр хэлбэл, өмнөх 2016 оны тооллогын дүнтэй харьцуулбал аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61.3 мянга (51.7%)-аар нэмэгдсэн байна. Тооллогод хамрагдсан, сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж (105.5 мянга)-ийн 14.1% (14.9 мянга) нь татан буугдах хүсэлтэй байгаа аж.
Танилцуулгатай холбогдуулан аж ахуйн нэгжийн 2021 оны тооллогын үр дүнг олон нийтэд мэдээлэх, тооллогын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох газарт хүргүүлэх, байгууллагуудаас тайлагнадаг статистик, бүртгэл, татвар, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг нэгтгэх, уялдуулах талаар холбогдох арга хэмжээ авах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэн судалгаа, шинжилгээнд суурилсан бодлого боловсруулалтыг хөгжүүлэхэд ашиглах боломжийг бүрдүүлэхийг хуралдаанаас даалгалаа.