Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг өөрчлөлттэй танилцсаны дараа Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлснээр албан ёсоор баталгаажлаа. Эдгээр үйл явц ердөө хоёрхон өдрийн хугацаанд өрнөв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процесс гэхэд цайны цагаар л өрнөснийг иргэд шүүмжилж байна. Тодорхой хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн баасан гаргийн 13 цагийн орчимд өргөн мэдүүлж, гурван цагийн дараа баталсан.
“Цайрсан” эл үйл явдлыг төлөвлөн зохион байгуулагч нь МАН, харин хамтрагчид нь АН-ын зарим гишүүн гэх хардлага олон нийтийн дунд төрсөн. Учир нь УИХ-д үнэмлэхүй олонх буюу 62 суудалтай МАН дээрх өөрчлөлтийг дэмжихгүй бол хэзээ ч бүтэшгүй. Харин УИХ-ын 57-гоос доошгүй гишүүн дэмжиж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой учир АН-ын бүлгийн зарим гишүүнээс үүнд “дэмжлэг” авсан гэх. МАН-д уг өөрчлөлтийг дэмжихгүй гишүүд ч бийг дурдах нь зүйтэй.
МАН-ыг зохион байгуулагч гэж хардах бас нэг үндэслэл бий. Тэр нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болох 39.1 дүгээр заалтын агуулга. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дөрвөн гишүүн л сайдын албан тушаалыг давхар хаших боломжтой тус заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр бүх сайдын албан тушаалд УИХ-ын гишүүдээс томилох боломж нээгдсэн юм. 2019 онд “давхар дээл”-тэй гишүүдийн тоог дөрвөөр хязгаарласнаас буюу Засгийн газрын гишүүдийн олонхыг УИХ-ын гаднаас бүрдүүлснээс улбаалж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн сайдаар ажиллах боломж хумигдсан нь нууц биш. Тиймээс бусдын гараар могой бариулах буюу МАН-ын захиалгаар Цэцээр шийдвэр гаргуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан гэх хардлага хүчтэй газар авч байна.
Үндсэн хуулийн цэцээс чухам ямар шийдвэр гаргав, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар нөхцөл бүрдэв?
“Давхар дээл”-ний захиалга ба сайд нарын томилгоо
2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2020 оны сонгуулийн дараа байгуулсан У.Хүрэлсүхийн болон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тэргүүнээсээ гадна дөрвөн л “давхар дээл”-тэй гишүүнээс бүрдсэн байв.
Гэтэл “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмэх тухай асуудал нийгэмд өнгөрсөн оноос хөндөгдөж эхлэв (процессыг доорх зурагт тайлбарлав). Улмаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн “давхар дээл”-тэй холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг шийдвэрлүүлэхээр Цэцэд мэдээлэл гаргасан. Үүний дагуу Цэц энэ сарын 15-нд шууд их суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, “давхар дээл”-тэй холбоотой заалт нь Үндсэн хуульд харшилж байна гэж үзээд, хүчингүй болгов. Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг тул УИХ авч хэлэлцэх боломжгүй. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, Цэцийн шийдвэрийн дагуу Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгов.
УИХ Цэцийн шийдвэрийн дагуу Үндсэн хуульд хэдхэн цагийн дотор “гар хүр”-ээд зогсохгүй Засгийн газрын холбогдох хуулийг үүнд нийцүүлэн өөрчилж, шинэ сайд нарыг өчигдөр оройн цагаар яаравчлан томилсныг харвал энэ бүхнийг захиалгат гэж дүгнэхээс өөр аргагүйд хүргэж байна.
“Төсөв батлах, захиран зарцуулах эрх нэг дор төвлөрөх эрсдэлтэй”
Эрх баригч МАН-ынхан УИХ-д үнэмлэхүй олонх байхдаа буюу 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайн үед “Парламентын засаглалыг бэхжүүлж, УИХ хууль тогтоох, хэрэгжилтэд нь хяналт тавих, төсөв батлах, Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх бөгөөд Ерөнхий сайд нь өөрөө кабинетаа бүрдүүлэх, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах чиглэлээр өөрчлөлт оруулж, эрх мэдлийн хяналт тэнцлийг хангалаа” гэж ярьцгааж байв. Гэтэл батлаад гурав, хэрэгжүүлээд хоёрхон жилийн дараа Үндсэн хуульдаа ийнхүү “гар хүрсэн”-д иргэд, судлаачид ихээхэн шүүмжилж байна. Тэдний тайлбарыг товчилбол, “УИХ-ын гишүүн нь төсөв батлалцдаг. Харин Засгийн газрын гишүүн буюу сайд нь баталсан төсвийг захиран зарцуулах эрхтэй. Гэтэл улсын төсвийг батлах, захиран зарцуулах эрх мэдэл нэг дор төвлөрөх ёсгүй. Засгийн газрын гишүүдийн олонхыг, бүр бүгдийг нь УИХ-ын гишүүдийн дотроос бүрдүүлбэл төсөв хяналтгүй “урсах” эрсдэлтэй”-г анхааруулж байна лээ.
Одоогийн Засгийн газар 21 сайдтайгаар ажиллах бөгөөд 14 нь “давхар дээл”-тэй. Тэгэхээр эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, хяналтгүй, хаалттай байдал “газар авах” нөхцөл бүрдэв. Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт мэргэжлийн гэгдэх хэдэн сайд байсан. Гэвч Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснээр “дан дээл”-тэй сайд нарыг улс төрийн талбарт танигдаагүй, асуудлыг зоригтой шийдэж чаддаггүй гэх сул талаар нь далимдуулан сольж орхив.
Төсөв батлахаас урьтаж төлөвлөсөн ажиллагаа
Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сайдын сандал, суудал төдийхнөөр хэмжигдэх учиргүй. Үүнийгээ ч эрх баригч намынхан иргэдтэй уулзах үеэрээ илэрхийлсэн. Тодруулбал, парламентын засаглалыг бэхжүүлэх хүрээнд гишүүдийнх нь тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, улс төрийн намуудын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэх, түүнчлэн цаазын ялыг халах, сумын Засаг даргыг иргэдийн сонгуулийн үндсэн дээр сонгох гэх мэтчилэн олон чиглэлээр өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүд дуулгана лээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ул суурьтай, судалгаатай, бүх ард түмний оролцоотой, ил тод, нээлттэйгээр хэлэлцэж, шийдвэрлэсэн бол иргэд ингэж бухимдахгүй. Гэвч зөвхөн сайдын суудлын төлөө буюу “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмэх гэж ийнхүү яаран сандран Үндсэн хуульд “гарч хүрч” буйн цаад зорилго чухам юу бол?
Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар, яамд, Тамгын газрынхан өдгөө боловсруулж буй. Намрын чуулган нээлттэй хиймэгц 2023 оны улсын төсвийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэн батална. 2024 оны сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа энэ удаагийн төсвийг хэлэлцэх үеэр ширүүн маргаан, мэтгэлцээн, лобби өрнөх нь тодорхой. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа “давхар дээл”-тэй сайд нараар хүч зузаатгаж, бас болоогүй нам доторх олон фракцийн төлөөллийг сайдаар томилсон гэх таамаг бас байна. Түүнээс биш намынхаа нэр хүндийг унаган байж Үндсэн хуульд дур мэдэн “гар хүрэх”-ийн оронд нь үлдсэн бусад өөрчлөлттэй нь хамтад нь судалгаа шинжилгээтэй, иргэдийн оролцоотойгоор хийх байсан биз.
Үндсэн хуулийн өөрчлөлт, ирэх оны төсөв гэж шуугисаар 2023 онтой нэгэнт золгох нь. Гэтэл эрх баригч намын дэвшүүлсэн нийгмийн даатгалын, боловсролын, төрийн өмчийн, газрын харилцааны реформ хэзээ биеллээ олох нь улам эргэлзээ төрүүлж буйг эцэст нь тодотгоё.
uih.mn