"Айлчлалтай, томилгоотой" долоо хоног
2021-12-05

                                                                     2021.11.29-12.05

         УИХ-ын даргын айлчлал

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлаар  тус улсын төрийн өндөр албан тушаалтнуудтай ярилцав. БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковин Монгол Цахиурын хөндий байгуулах, “Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийх саналыг дэмжихээ илэрхийллээ.

         Засаг даргыг томилохтой холбоотой заалтыг өөрчилнө 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ батлахаар болов. "Нэгжийн" гэх тодотголтой уг хуулийг өнгөрсөн оны сүүлчээр баталсан ч өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавьсан. Тодруулбал, хуулийн 56.5.1, 56.8 дахь заалт буюу Засаг даргыг томилохтой холбоотой хэсэгт нь тавьсан хоригийг УИХ хүлээн авсан билээ. Ингэснээр "...дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хуульд заасан шаардлага хангасан хүнийг тухайн ИТХ-д санал болгож болно",  "Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд ИТХ хуульд заасан журмаар өөр хүний нэрийг дэвшүүлнэ" гэсэн заалтыг өөрчлөн найруулжээ. Үүнийг хэрхэн өөрчилсөн талаарх төслийг УИХ-ын цахим хуудсанд одоогоор байршуулаагүй байна.   

        Кибер аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх нь

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудитыг эрх бүхий хуулийн этгээдээр хийлгүүлэх, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний болон төрийн нэгдсэн төв байгуулах, холбогдох байгууллагуудын чиг үүргийг илүү тодорхой болгох талаар уг төсөлд тусгажээ.   

        ШЕЗ бүрэлдсэн нь

Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч биш гишүүнээр томилогдсон Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг нар ажлаа хүлээн авав. Тус зөвлөлийн шүүгч таван гишүүнийг өнгөрсөн аравдугаар сард болсон нийт шүүгчийн анхдугаар чуулганы үр дүнд томилсон билээ. Ингэснээр ШЕЗ бүрэлдэж, гишүүдээс хамгийн ахмад нь буюу Д.Зүмбэрэллхамд зөвлөлийн даргын тамгыг түр хүлээлгэн өгөв.   

        Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэхгүй 

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Чөлөөт бүс доторх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхгүй, зөвхөн ашиглуулах, Засгийн газар хоорондын гэрээ, хэлцлийн дагуу хил залгаа улстай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, чөлөөт бүсийг хилийн зурвас газарт бий болгох талаар үүнд тусгажээ. Уг хуульд бага хэмжээний өөрчлөлт оруулах бус, шинэчлэх шаардлагатайг гишүүд энэ үеэр хөндөж байв. Мөн чөлөөт бүсүүдэд эдийн засгийн кластеруудыг хөгжүүлэх, технологийн компаниудыг татах боломжийг цаг алдалгүй ашиглах, дэд бүтцийг нь яаралтай бий болгох талаар саналаа илэрхийллээ. 

        УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Хархоринд болно

200 гаруй жилийн турш үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгож, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож буй. Уг түүхэн ойд зориулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 29-нд зарлан хуралдуулахаар болов. Гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцох гэнэ.  

        Зарим ажил нь цалгардав

Хувь хүний мэдээлэл хамгаалах, Нийтийн мэдээллийн тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ пүрэв, баасан гарагт хийхээр товлосныг хойшлуулав. Мөн иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаарх мэдээллийг Засгийн газраас УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх хуваарьтай ч энэ долоо хоногт шилжүүллээ. 

Бат.Уянга 

Сэтгэгдэл