“УИХ-ын гишүүн төсөв баталж, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй болох гэж байна”
2022-08-24

            УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдээс өнөөдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын, Үндсэн хуулийн цэцийн, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэх болон анхны хэлэлцүүлгийг нь эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулсан хуралдааны үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэе. 

 

Д.Цогтбаатар: Эрх зүйн тодорхойгүй байдал үүсээд байна. Үндсэн хуулийн тодорхой заалтыг үзэл баримтлалтай нь нийцээгүй гэж үзээд, хүчингүй болгох шийдвэр гаргасан. Хэзээнээс тэр заалт хүчингүй болж байна вэ. Энэ маш ноцтой асуудал шүү. Үзэл баримтлалтай нь нэгэнт нийцээгүй гэх. Энэ нь Үндсэн хуулийг баталсан цаг мөчөөс эхлээд нийцээгүй болж таарах гээд байна шүү дээ. Тэгвэл тэр мөчөөс хүчингүй болсон юм бол тухайн заалтын дагуу байгуулж, үйл ажиллагаа явуулан шийдвэр гаргаж ирсэн Засгийн газар яах болж байна. Засгийн газрын гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр үү, үгүй юү гэдэг асуудал өөрийн эрхгүй эрх зүйн хувьд үүсэж байгаа шүү. Хэрэв Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан мөчөөс тэр заалт хүчингүй болсон гэж үзвэл бүр утгагүй хэрэг. Тэгэх юм бол Үндсэн хуулийн үзэл баримтлал нь 2019 оноос хойш хэрэгжиж байхад тухайн заалт хүчингүй болсон гэсэн шийдвэр гаргах хүртэлх хугацаанд зөрчилтэй заалт нь хүчинтэй байсан гэж үзэх юм уу. Хэзээнээс хүчингүй болсон гэсэн асуултад хариулахгүй бол ноцтой үр дагавар үүсгэнэ шүү.

Г.Занданшатар: Хууль батлагдвал хүчин төгөлдөр болно л доо.

Ш.Раднаасэд: Цэцийн шийдвэр гарсан буюу наймдугаар сарын 15-наас эхлээд Үндсэн хуулийн 39.1 дэх заалт хүчингүй болсон. Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргаж, тогтоол үйлдсэнээр хүчингүй болсон гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон бусад хуулийн заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн, эсэх талаар өмнө нь Цэцээс хэд хэдэн шийдвэр гаргаж байсан. Тухайлбал, 2000 оны “Дордохын долоон өөрчлөлт” гэдэг ч юм уу, Үндсэн хуулийн заалт нь суурь зарчмаа зөрчиж байна гэсэн тогтолцооны асуудал, “давхар дээл” гэх зэрэг. Цаашид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийнхаа адил хүчин чадалтай, ямар нэгэн хэлбэрээр Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлыг Цэц ярих ёсгүй, ярьсан ч хүчингүй болгох болон шууд “гар дүрж” оролцохгүйгээр санал, санаачилга гаргах нь нээлттэй байхаар хуулийн өөрчлөлтийн төсөл ярьж байгаа шүү, одоо.

Ж.Батсуурь: Эрх баригчдын захиалгаар Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнээр “могой бариулж”, Үндсэн хуулийн болон төрийн хямралд орох нөхцөл бүрдчихээд байна. Би үүнийг мөн ч олон хэллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтэд яагаад бидний саналыг тусгахгүй байгаа юм бэ. Бидний хэлсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд тусгахгүй байсан юм бол байнгын хороог хуралдуулах шаардлагагүй. Дүгнэлт гаргаж яах юм. Захиалгат гэж тодорхойлоод байгааг статистик тоогоор илэрхийлье. Ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд баталсан. Үүнд “давхар дээл”-ийг болно гэж заасан байсан. Гэтэл 1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялсны дараа есдүгээр сард нь Цэц хуралдаж, “давхар дээл” болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Дараа нь 2000 онд Ардын нам ялахад “давхар дээл”-ийг болно гэсэн шийдвэрийг Цэцээс гаргасан. Үндсэн хуулийн цэцийн сая гаргасан шийдвэрийн дагуу УИХ хуралдах боломжгүй гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл хүмүүсийн гаргасан гомдлыг Цэц дунд суудлын хуралдаанаар хэлэлцээгүй. Цэц шийдвэр гаргаж, уг гомдлыг дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн ч ганцхан өдрийн дотор их суудлын хуралдаанаараа шийдвэрлэчихлээ. Тэгээд бидний дээр хөх тэнгэр л байгаа гэсэн байдлаар асуудалд хандаж байна. 2005, 2015 онд Үндсэн хуулийн цэцийн магадлал гарсан. Эдгээр магадлалаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Цэц хянан хэлэлцэх эрхгүй. Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой асуудлыг болиод бидний дээр хөх тэнгэр л байгаа гэдэг байдлаар шууд их суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Мөн дээр нь хэлэлцэж болохгүй гэсэн магадлалыг хүчингүй болгох замаар хийснийг хуйвалдааны шинж чанартай гэж үзэж байгаа. Хэн ч харсан тодорхой зүйл. Хуулийг ингэж буруу хэрэглэж, зөрчиж, бидний дээр хөх тэнгэр л байгаа гээд асуудлыг шийдсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Гэтэл энэ хүмүүсийн дээр хөх тэнгэр л байгаа, бид шийдвэрийг нь дагаж, хуулийг нь засчихье гэж буй нь туйлын буруу. Зөвхөн улстөрчдийн санаархлыг биелүүлэхийн тулд хүний гараар могой бариулж байна. Есөн хүн Монголын төрийг мэддэг болчих юм бол сонгууль хийж, та, бид энд суугаад яах вэ. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн ¾-ын дэмжлэгээр л өөрчлөлт хийх ёстой биш билүү.

Н.Энхболд: Цогтбаатар гишүүний асуултад тайлбар хэлье. 1992 оны Үндсэн хуулийн дагуу баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн Цэц өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, гэрээний улмаас учирсан хохирол болон бусад үр дагаврыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй гэж заасан. Энэ заалт нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа.

Т.Доржханд: Энэ асуудлыг босгож ирсэн улс төрийн хүчин бөгөөд УИХ-ын гишүүн, иргэний хувиар Цэцэд мэдээлэл гаргасан хүн би мөн үү гэвэл мөн. Яагаад ийм асуудал үүсгэсэн бэ, энэ нь зөв үү, буруу юу гэдгийг ажлын хэсгээс асуумаар байна. Монгол Улс ардчилсан улс хэвээр байх юм уу, парламентын засаглалаа бэхжүүлэх үү. Манай хоёр хөрш том бөгөөд авторитар дэглэмтэй. Жишээ нь, Тайванийн хойгийн асуудлаар та нар манай улсыг дэмжинэ шүү, үгүй бол хилээ хаана, бензин тосныхоо үнийг нэмнэ шүү гэсэн тохиолдолд сөрж ярьдаг улс төрийн хүчин хэрэгтэй юү. Хоёр хөршийнхөө бодлогыг сөрдөг, эдийн засгийн хараат бус байдал, тусгаар тогтнолын асуудлыг ярихад парламент үүрэг гүйцэтгэх үү. Парламентыг хоёрхон нам бүрдүүлдэг байх ёстой юм уу. Эсвэл олуулаа байх ёстой юу. Ардчиллыг бэхжүүлдэг зүйл бол парламент дахь намуудын тэнцвэр. Улсынхаа эрх ашгийн төлөө явж болохгүй юу, дандаа бид биенийгээ хардана, үр дүнд нь улс нь ч хөгжихгүй, шийдвэр ч гаргаж чадахгүй байна.

Н.Энхболд: Таны асуудлыг зөв, бурууг ярих утгагүй шүү дээ.

С.Ганбаатар: МАН өнгөрсөн. Та нар Үндсэн хуулийг булшилчихлаа. Энэ бүхний үр дүнд сайдын суудалд тачаадсан нөхдүүдийн хүсэл хангагдах ёстой. УИХ-ын гишүүд төсөв баталдаг. Гэтэл төсвийг захиран зарцуулах эрхийг давхар авах гэж байна.

  

 

Сэтгэгдэл