“Эрчим хүчний зүй бус хэрэглээ нь хэтэрхий хямд үнэ тогтоосонтой холбоотой”
2022-08-23

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Эрчим хүчний болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа.

 

С.Бямбацогт (УИХ-ын гишүүн): Улаанбаатар хотод ирэх өвөл цахилгаан хязгаарлана гэх мэдээлэл бий. Хэцүү байгаа шүү гэж мэдэгдэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, асуудлыг зохицуулах чиглэлд ямар арга хэмжээ авч байгаа вэ. Эрчим хүчний хэрэглээ маш их нэмэгдсэн ч үйлдвэрлэл нь нэмэгдээгүй. Хоёр жилийн хугацаанд эрчим хүчний үнэд хөнгөлөлт үзүүлснээс болж шаардлагагүй хэрэглээ нь нэмэгдсэн байх магадлалтай. Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуулийг наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийг түүхийгээр нь нийлүүлдэг асуудлыг шийдэх том зорилт тавьж байгаа. Өнөөдөр төмрийн хүдрийг 100 ам.доллароор экспортолдог ч оронд нь арматурыг 1000 ам.доллароор худалдаж авч байна. Хэрэв дотооддоо арматур үйлдвэрлэчихвэл тэр хэмжээгээр гадагшаа гарах валютын урсгал буурна. Энэ чиглэлээр эрчимтэй ажиллах хэрэгтэй байна. Хуулийг нь баталчихвал уул нурааж, усыг нь эргүүлнэ гэсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн уул уурхайн парк байгуулах ёстой. Юу болж байгаа вэ?  

“Чадлын дутагдалд орсон тохиолдолд шинэ эх үүсвэр барьж л шийднэ”

Н.Тавинбэх (Эрчим хүчний сайд): Эрчим хүчний чадлын дутагдалд орсон. Үйлдвэрлэснээсээ илүүг хэрэглэдэг болсон гэсэн үг. Цахилгаан эрчим хүчний хувьд 6-7 хувийн өсөлт, өвлийн ид ачааллын үеийг хангачихаар байгаа. Гэхдээ дотоодын болон импортын эрчим хүчний бүх тоноглол 100 хувь буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж давна. Ажиллаж байгаа тоноглолд ямар нэг хэмжээний гэмтэл гарвал хязгаарлахаас өөр аргагүй болсон. Дулааны эрчим хүчний хувьд маш хүнд байна. Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний тооцоот ачаалал өнгөрсөн өвөл 3166 ккал цагт хүрсэн. Улаанбаатар хотын хэмжээнд дулаан үйлдвэрлэх үйлдвэрүүдийн бүрэн хүчин чадал 2114 ккал цаг байдаг. Өнгөрсөн өвөл дулааны эрчим хүч 40 хувийн хэт ачаалалд орсон. Үүн дээр энэ жил 410 орчин ккал цагийн хэрэглэгч нэмж холбогдоно. Есдүгээр сарын 15-наас халаалт эхэлбэл 50 гаруй хувийн хэт ачаалал үүсэхээр байна. Гарц нь их тодорхой. Чадлын дутагдалд орсон тохиолдолд шинэ эх үүсвэр барьж л шийднэ. Гэвч ойрын хугацаанд шинэ эх үүсвэр ашиглалтад орохооргүй байгаа. Баттерей цэнэгт хураагуураас өөр эх үүсвэр байхгүй байгаа. Өөр нэг гарц нь хэмнэлт. Хэмнэлттэй холбоотой хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн учир холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Ялангуяа уул уурхайн салбарын томоохон, хэмнэлтийн үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг тодорхойлж хамтран ажиллаж байгаа. Олон улсын жишгээр бол хэмнэлт гаргасан хэрэглэгчид урамшуулал олгодог зарчимтай. Эрчим хүчний үнийг бодитой тогтоох нь маш том хэмнэлтийг авч ирнэ. Эрчим хүчний зүй бус хэрэглээ нь хэтэрхий хямд үнэтэй байгаатай холбоотой. Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг даасантай холбоотой ачаалал 20 орчим хувьд хүрсэн. Одоо бол үүнийг тогтворжуулсан. Үнийн хөнгөлөлтийг нь багасгасан үеэс эхлээд эрчим хүчний хэрэглээ буурчихсан. Санхүүгийн алдагдлын хувьд манай салбарт хэмнэх зүйл үгүй болсон. Үнийн өсөлтөд эрчим хүчний салбар хамгийн их өртөж байгаа.

 

“Үйлдвэр барьж чадахгүй байгаагийн том шалтгаан нь дэд бүтцийн асуудал”

Г.Ёндон (Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд): Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад 10 гаруй гишүүн идэвх зүтгэлтэй ажилласанд талархлаа илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд гангийн, зэсийн баяжмалын гэх мэтчилэн маш олон үйлдвэр барина гэж төлөвлөсөн ч хэрэгжүүлдэггүй байсан. Үүний хамгийн гол шалтгаан нь дэд бүтцийн асуудал. Дэд бүтцийн талаас нь тооцоолоогүй атлаа дээр нь барих үйлдвэр, түүний ашиг, алдагдлыг төлөвлөөд байдаг. Үнэн хэрэгтээ үйлдвэр барихад хамгийн хэрэгтэй дэд бүтцийн, паркийн асуудлыг нь шийддэггүй байсан. Энэ хуулиар дэд бүтэцтэй холбоотой бүх асуудлыг нь шийдэх нөхцөл бүрдсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын үйлдвэр болон дагалдах үйлдвэрүүдийн паркийн тусгай зөвшөөрлийг өнгөрсөн жилийн тавдугаар сард хүлээлгэн өгсөн. Одоо бол дэд бүтцэд шаардлагатай бүх зураг төсөл, бичиг баримт, газрынх нь зөвшөөрлийг авчихсан, шийдчихсэн. Дээрх хуулийг хэрэгжүүлэхэд манай яам хамгийн сайн ажиллах ёстой. Хэрэгжүүлэхийн тулд хамгийн эхэнд паркийн хөгжлийн төлөвлөгөө гэж зүйл байх ёстой. Паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн ТЭЗҮ-ийг хэлэлцэх зөвлөл байгуулах ёстой. Одоогоор тус зөвлөлийн дүрмийн төслийг боловсруулж, яамны сайтад байршуулсан, хэлэлцүүлэг хийх ёстой. Хуулийг дагалдуулж маш олон журам батлах ёстой. Эдгээрийг боловсруулж байна. Мөн орон тооны бус зөвлөлийн дүрмийн төсөлд олон нийтээс санал авч байна. Эрдэнэт, Дорноговийн Алтанширээ болон Тавантолгойд түшиглэсэн үйлдвэрлэл технологийн паркууд барих бодитой үндэс бий болж байгаа.

Сэтгэгдэл