-УИХ-аас томилох нь зөв, үгүйг дэнслэв-
Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохоор болсон. Үүний дагуу Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тухайн үед тус зөвлөлийн шүүгч биш гишүүдийг нээлттэйгээр сонгон шалгаруулах нь зөв ч УИХ-аас буюу нэг нам олонхыг нь бүрдүүлсэн байгууллагаас томилох заалт тусгасан нь шүүхийн хараат бус бие даасан байдалд сөргөөр нөлөөлнө гэх шүүмжлэл гарсан. Тиймээс өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга уг заалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан бөгөөд Цэц дунд суудлын хуралдаанаараа үүнийг хэлэлцэн, “Эцэг хууль”-ийг зөрчсөн гэж дөрөвдүгээр сард дүгнээд байв. Харин Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсоны дараахан Цэцэд гаргасан уг хүсэлтээс татгалзсанаар Шүүхийн тухай хуулийн дээрх заалт хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ энэ процесс өрнөх нь бүү хэл эхлэхтэй зэрэгцэн шүүгч биш гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос шуурхайлсан нь дээрх заалт Цэц дээр “бүдэрнэ” гэж бодоогүйнх биз ээ. Цэцийн дүгнэлтээс хойш шүүгч биш гишүүдийн томилгоо хэсэгтээ “чимээгүй” байсаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шийдвэрийн (Цэцэд гаргасан хүсэлтээс татгалзсан) дараахан “амилж” эхэлсэн. Үүнээс хойш сонгон шалгаруулах ажлыг шуурхайлсаар ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг УИХ өнөөдөр томилж дууслаа.
Шалгаруулах процесс ба нэг нэр дэвшигч “унасан” нь
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг парламент дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, иргэний нийгмийн байгууллага, хууль зүйн их, дээд сургууль, судлаачдын төлөөлөл бүхий 11 гишүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсгээс нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг гуравдугаар сард түгээж, 21 хоногийн хугацаанд материал хүлээн авсан бөгөөд шаардлага хангаагүйг нь хассан юм. Товчхондоо анх 31 хүн ШЕЗ-ийн шүүч биш гишүүний шалгаруулалтад материалаа хүргүүлсэн ч нэрээ татсан, ярилцлагад ирээгүй, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх зэрэг үндэслэлээр 23 хүн сонгон шалгаруулалтад оролцсон билээ. Тэдний зургаа нь ажлын хэсгийнхний олонхын саналыг авснаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо томилгооны нээлттэй сонсгол явуулав. Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Д.Мөнгөнцэцэг нар үүнд оролцсон юм. Харин тэднийг томилохыг дэмжих, эсэхийг Хууль зүйн байнгын хорооноор хуралдаанаар хэлэлцсэний эцэст Д.Зүмбэрэллхамаас бусдыг нь томилуулахаар УИХ-д танилцуулсан. Чуулганы хуралдааны үеэр таван нэр дэвшигч УИХ-ын зарим гишүүнтэй ашиг сонирхлын холбоотой, эсэх асуудлаар АТГ-аас тодруулах шаардлагатай гэж үзсэн тул АН-ын бүлгийн саналаар уг асуудлыг хэлэлцэхийг тав хоног хойшлуулсан билээ. Завсарлагааны хугацаа дуусаж, нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулахад Д.Эрдэнэчимэг олонхын санал авч чадалгүй “унаж”, бусдыг нь томилов. ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүний нэгийг нь ийнхүү томилж чадалгүй өнгөрсөн долоо хоногийг үдсэн.
“Ардын наадамд ноёны бөх заавал түрүүлдэг уламжлалыг сэргээлээ”
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баталсан, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалалд ШЕЗ-ийн шүүгч биш нэг гишүүнийг томилох талаар огт тусгаагүй байв. Гэтэл өчигдөр буюу лхагва гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнээр нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилохыг дэмжлээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ч уг асуудлыг хэлэлцэн, түүнийг томилов. Энэ ч тийм чухал зүйл биш. Гишүүний горимын саналаар хэлэлцэх асуудлыг нэмж, хасаж болох зохицуулалт бий. Хамгийн гол нь хуралдааны үеэр гишүүдийн байр суурь зөрчилдөж, “хуулийн хулгай” хийдэг гэх зэргээр байр суурь илэрхийлэхдээ хүрснийг тэмдэглэх нь зүйтэй. Товчхон тайлбарлая.
Шүүхийн тухай хуулийн 77.8 дахь хэсэгт “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийг ШЕЗ-ийн гишүүнээр томилохоос татгалзсан бол ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдээс дараагийн хамгийн олон санал авсан хүнийг УИХ-д нэр дэвшүүлнэ” гэж заасан. Д.Зүмбэрэллхам нь ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаас өндөр үнэлгээ авсан зургаан хүний нэг болж, байнгын хорооны хэлэлцүүлэгт орсон тул түүнийг нэр дэвшүүлэх нь зүйн хэрэг. Харин ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шалгуурын тухайд гишүүд зөрчилдсөн юм. Тодруулбал, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах журамд зааснаар ШЕЗ-ийн гишүүнээр өмнө нь ажиллаж байгаагүй гэсэн шалгуурыг нэр дэвшигч хангах учиртай аж. Тэгвэл нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан тул томилох боломжгүй гэдгийг Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүд хөндсөн юм.
ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүний томилгоог УИХ ийнхүү хийж дуусгалаа. Тус зөвлөл нь шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор ажиллах чиг үүрэгтэй. Мөн зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилох хуультай.
Дээрх томилгоотой холбогдуулан гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэе.
Х.Болорчулуун: ШЕЗ-д өмнө нь ажиллаж байсан хүнийг дахиж томилохгүй гэсэн заалт журамд бий. Д.Зүмбэрэллхам дарга та өмнө нь ШЕЗ-д ажиллаж байсан гэж хэлж байна лээ. Энэ үнэн үү. Аль нэг даргын захиалгаар хүн томилох учиргүй.
Д.Зүмбэрэллхам: Сонгон шалгаруулах журамд ШЕЗ-ийн гишүүнээр өмнө нь ажиллаж байгаагүй хүнийг томилно гэсэн заалт оруулсан байна лээ. Энэ нь 2021 онд баталсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан заалт. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор үүнийг тусгасан гэж би ойлгож байгаа. Өмнө нь хэрэгжиж байсан хуульд ШЕЗ-ийн гишүүнээр урд нь ажиллаж байгаагүй гэсэн шалгуур байгаагүй. Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан энэ шалгуур нь одоо томилогдох гишүүдэд буюу ирэх дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд нь үйлчилнэ гэж ойлгож байгаа. Ингэж ойлгох нь ч тодорхой юм шиг байна.
Н.Алтанхуяг: Монголын наадамд ардын хүүхэд түрүүлж болдоггүй, ноёны бөх заавал түрүүлдэг байсан уламжлалыг сэргээж буй юм байна. Шүүхийн тухай хуулийн ажлын хэсэгт орж, шударга нийгэмд бидний үр хүүхэд амьдраасай гэсэн үүднээс мөр зэрэгцэн ажилласан. Ганц үг, үсгийг тоолгүй хаясан, би их гэнэн байна. ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй хүнийг томилно гэж бид концепц боловсруулах үеэр ярьсан. Үүнийг хэн зассаныг мэдэхгүй. ШЕЗ-ийн гишүүнээр одоо ажиллаагүй гэдэг агуулгатай болгосон байна. Ингэж хуулийн үг, үсгийг өөрчилж хулгай хийдэг юм байна л даа. Та нар захиалга биелүүлж байна. Хэний захиалга гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ мөнгө “үнэртэж” байна. Та нар яагаад өмнө нь “унасан” хүнийг дахиж оруулж ирж байгаа юм бэ. Хуульд ийм агуулга байхгүй. Шүүхийн шинэчлэл урагшлахгүй юм байна.
Д.Ганбат: УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, парламент яаж ажиллаад байгааг мэдэхгүй болчихлоо. Нэг хүнийг томилуулах гэж хоёр удаа хэлэлцүүлэх. Өмнө нь хэлэлцээд санал хураагаад, шийдчихсэн асуудлыг ахиад сөхөх юм. Өмнө нь таван хүнийг томилуулахаар хэлэлцэхэд яагаад нэгийг нь унагаачхав. Үндсэн хуулийн байгууллагыг хурдхан шиг ажилд нь оруулахгүй, эргэж буцацгаагаад байна гэв.
Бат.Уянга