Цэц: "Давхар дээл"-тэй холбоотой заалт Үндсэн хуульд харшилж байна
2022-08-15

Үндсэн хуулийн 39.1-т зааснаар Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно. Уг заалтыг 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа өөрчлөн найруулсан. Тодруулбал, УИХ-ын дөрвөн гишүүн л сайдаар давхар ажиллах боломжтой. Үүний дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, С.Амарсайхан, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар Засгийн газрын гишүүн бөгөөд сайдаар давхар ажиллаж байгаа. 

Үндсэн хуулийн дээрх 39.1 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянуулахаар нэр бүхий хүмүүс Цэцэд мэдээлэл хүргүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон хуульч Д.Үүрцайх нар уг хүсэлтийг өнгөрсөн жил гаргасан юм. 

Цэц өнөөдөр их суудлын хуралдаанаа хийж, дээрх маргааныг хянан хэлэлцлээ. "Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Үндсэн хуулийн удиртгал, 1.2, 29.1, 70.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож, 2 дугаар тогтоол гаргасан байна.

Мөн Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн, хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.

Сэтгэгдэл