Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын зар
2022-03-01

                Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болсон.

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос уг сонсголыг 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулахаар товложээ. Иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг сонсголд оролцохыг урьсан байна.

Сонсголд оролцогчдыг 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 17.30 цаг хүртэл бүртгэнэ. Ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын цахим хуудсанд байрлуулах аж. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Бүртгүүлэх суваг

 

  • Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Улсын Их Хурлын Хяналт шалгалт, үнэлгээний газар. /Лавлах утас: 51-261440/
  • Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Сэтгэгдэл