Өнөөдрийн сэдэв : Төсвийн хууль дахь “туулай” ба хариуцлагагүй гишүүд
2021-11-23

-Хэрэгжүүлдэггүй бүрэн эрх -

        Тасалбар захиалалгүйгээр галт тэргэнд сууж, билет шалгагчаас нуугдан нуугдсаар хүрэх газартаа очихыг “туулайчлах” гэдэг юм билээ, ёс зүйгүй л хэрэг. Үүн шиг энэ жилийн улсын төсвийн төслийг боловсруулж, өргөн барьж, батлах “урт аялал”-ын туршид “Богд Зонхова” гэх нэртэй, ач холбогдол тун багатай төсөл “туулайчилчхаж”. Эл асуудал ил болмогц гишүүд мэл гайхаж, “мэдээгүй” гэх үгээр өөрсдийгөө хаацайлж эхлэв. Цар тахлын энэ хүнд үед иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бус, хөшөө бүхий цогцолбор (Богд Зонхова) барихад бүхэл бүтэн 32 тэрбум гаруй төгрөг зарцуулна гэдэг байж боломгүй үйлдэл. Хамгийн гол нь үүнийг мэдэлгүй буюу 2022 оны төсвийн тухай хуулийг гишүүд сайн уншилгүй, кнопоо дарсан нь харамсалтай. Өнгөрсөн жилийн төсөвт тусгаснаар дээрх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт таван тэрбум төгрөг байсан бол энэ оныход  зургаа дахин нэмэгдүүлэн батлуулчихсан нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Ямартай ч Засгийн газраас уг цогцолборт хөрөнгө оруулахгүй, ажлыг нь “царцаах” тухай хөндөж эхэллээ. Эл асуудлыг хэрхэн шийдэх нь чухал ч үүнээс илүүтэй гишүүдийн хариуцлагагүй байдлыг энд хөндөх нь зүйн хэрэг.    

      УИХ-ын гишүүд “...ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хүндэтгэх...”-ээ тангарагласан. Тэгвэл иргэдийн эрх ашигт хамаарах асуудал буюу улсын төсвийг хэрэгтэй зүйлд  зүй зохистой зарцуулахад яагаад анхаарсангүй вэ.

        Уг нь тэдэнд тангаргаа биелүүлж, ард түмнийхээ төлөө ажиллах бүрэн эрх хангалттай бий. Тодруулбал, УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн 25 бүрэн эрхтэй аж. Үүний нэг нь улсын төсвийг хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн 25.1.7-д заасан хүрээнд санал гаргах эрх. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн төслийг батлах үеэр орлого, зарлагын бүтцийг нь өөрчлөх замаар төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нь нэмэгдүүлэхгүйгээр санал гаргах боломжтой гэсэн үг. Гэвч энэ бүрэн эрхээ хангалттай хэрэгжүүлдэггүйг нь “Богд Зонхова” бүтээн байгуулалтын төсөл гэрчлэв. Уг нь эрхээ мэддэг, хариуцлагатай гишүүн байсан бол “Халдварт өвчний үед эмнэлгийн ор нь хүрэлцэхгүй байхад юун 32 тэрбум төгрөгөөр хөшөө барих. Үүнийг эрүүл мэндийн салбарт зарцуулъя” гээд санал гаргах бүрэн боломжтой байлаа. Даанч тэдний нэг нь ч тэгсэнгүй, “мэдээгүй” гэх тайлбарыг өгөв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар цахим хаягаараа дамжуулан “Үнэхээр хөшөө барих бол буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана. Төсвийн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар юу ярьсныг мэдэхгүй. Би Төрийн байгуулалтын, Хууль зүйн байнгын хорооны гишүүн” гэв. Гишүүн М.Оюунчимэг ч мөн “Би ч бас Сүхбаатар гишүүнтэй адил мэдээлэлгүй байна. Цар тахлын хүнд хэцүү энэ үед хөшөө барих цаг нь биш. Хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, ХӨСҮТ гээд зайлшгүй хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай газарт, бас эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх тал дээр Нийгмийн бодлогын байнгын хороо тултал зүтгэсэн” хэмээсэн.

         Харин гишүүн Т.Доржханд төсвийн хөрөнгөөр хөшөө дурсгал барих асуудлыг зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын засаглалыг бэхжүүлэх талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргахаа мэдэгдсэн нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил үйлдэл болов уу. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “2022 оны төсвийн төслийг манай бүлэг анхнаасаа дэмжээгүй. Хэвлэл мэдээллийнхэн төсөв батлах үеэр анхааралтай ажиллах ёстой байсан” гэж буруугаа бусдаас хайв.     

Гишүүд бүрэн эрхээ мэдэхгүй, хариуцлагагүй ажиллаад байвал дахиад хэчнээн  “ХӨШӨӨ” туулайчлахыг хэн ч мэдэхгүй. Уг нь улсын төсвийг батлах нь УИХ-ын, гишүүдийн онцгой эрх юм сан.   

Бат.Уянга   

 

Сэтгэгдэл