НИЙТИЙН СОНСГОЛ: Хөгжлийн банкны асуудал юу болов
2022-07-25

              Хөгжлийн банкны асуудал нийгэмд шуугиан тариад хагас жилийн нүүр үзлээ. Асуудал гэдэг нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус банкнаас өөрт хамаарал бүхий этгээдэд зээл олгосон, эсвэл зориулалтын бусаар зээл өгсөн байж болзошгүй, түүнчлэн Хөгжлийн банкны зээлийн талаас илүү хувь нь чанаргүй ангилалд шилжсэний улмаас гадаадаас авсан өрөө төлж чадахгүйд хүрсэн тухай юм. Өөрөөр хэлбэл, 1.7 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл үүссэнийг асуудал гэж товчлон тодорхойлсон. Уг асуудал өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр нийтэд ил болсноор иргэдийн дунд эрчээ авч, улмаар УИХ-аас ерөнхий хяналтын нийтийн сонсгол (03.29-нд) зохион байгуулсан юм. УИХ-ын гишүүд, Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагын албан тушаалтнууд, зээл авсан компаниуд, иргэд, сэтгүүлчдийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр (нийт 120 хүн оролцсон) нэг өдрийн турш үргэлжилсэн уг сонсголын үр дүн юу байв.   

 

“2012-2016 онд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосноос 1.4 их наяд нь чанаргүй зээл”

Сонсголын үеэр хөндөгдсөн зарим мэдээллийг хүргэе

(УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийн мэдээллээс)

  • Хөгжлийн банканд 2015-2021 онд төрөөс бие даасан 6, хамтарсан 4 гээд нийт 10 удаагийн хяналт шалгалт хийсэн ч эдгээрийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрд нь хэрэгжүүлээгүйгээс үүдэн өнөөдрийн олон асуудал хуримтлагдсан 
  • Тус банк нь 101 төслийг 3.2 их наяд төгрөгөөр шууд санхүүжүүлсэн бол 2540 төсөлд 1.6 их наяд төгрөгийг дамжуулан зээлдүүлсэн, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 391 төсөлд 2.5 их наяд төгрөгийн зээл олгожээ
  • 2012-2016 онд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосноос 1,4 их наяд төгрөг нь чанаргүй зээл байсан
  • Б.Батжаргал, Б.Батбаяр, Ким Жан Жин нарыг захирлаар ажиллаж байх үед Хөтөл, ТОСК зэрэгт аж ахуйн нэгжид зээл олгосон.
  • Б.Шинэбаатар, Ж.Мөнхбат нарыг удирдлагаар ажиллаж байх үед буюу 2016 онд Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК Цемент, Монполимет зэрэг аж ахуйн нэгжид, мөн Б.Даажамба, М.Баярмагнай, Б.Батбаяр нарыг удирдлагаар ажиллаж байх үед НВЦ, Монгол драй милк зэрэг аж ахуйн нэгжид зээл олгосон 
  • 2017-2021 онд 1.6 их наяд төгрөгийн 56 зээл олгосноос 544,0 тэрбум нь төгрөгийн зээл нь чанаргүй ангилалд шилжсэн
  •  Г.Амартүвшин тус банкийг удирдаж байх үед 6 зээл, Н.Мөнхсүхийг удирдаж байх үед 2 зээл олгосон бол одоогийн удирдлагын багийн үед зээл олгох шийдвэр огт гараагүй

Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын мэдээллээс

  • Хөгжлийн банкны нийт зээлийн хэмжээ 3.2 их наяд төгрөг. 2021 оны Монголбанкны шалгалтаар чанаргүй зээл 1.8 их наяд төгрөгт хүрсэн нь нийт зээлийн 57 хувь.
  • Хөгжлийн банкны цаашдын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд энэ онд багтаан нийт 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатай.

Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллээс

  • “Ховд эко цемент” төсөл нь нийт санхүүжилтийнхээ 40 хувийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн. Зээлийн эргэн төлөлт “хэвийн”.
  •  “Монцемент” төсөл нь үүрэг үүсэх үеийн ханшаар нийт 126.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан ба нийт 24 удаагийн төлөлтөөр 143.1 тэрбум төгрөгийг эргүүлэн төлсөн. Зээлийн хүү 44.6 тэрбум төгрөг, нийт төлбөр 171.2 тэрбум төгрөг байсан ч өнөөгийн ханшийн огцом өсөлтөөс үүдэн нийт зээл 235.5 тэрбум төгрөг болж, ханшийн хохирол 70 тэрбум төгрөгт хүрсэн. 2020, 2021 оны цар тахлын нөлөөллөөс үүдсэн олон төрлийн хүндрэл, түүнчлэн ам.долларын ханшийн өсөлт, эрчим хүчний үнийн өсөлт, төмөр замын тариф, шатахууны үнийн өсөлт гэх зэрэг нь төслийн үйл ажиллагаа, улмаар зээлийн чанарт нөлөө үзүүлж байгаа.
  •  “Эрэл” группийн Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл нь зээл авах үеийн ханшаар 70 тэрбум төгрөгийн, өнөөдрийн ханшаар 141.7 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүний 60-70 тэрбум төгрөгийн зээлийг олон улсын хөрөнгө оруулагчийг татаж шууд хаах, улмаар үлдсэн хувь дээр төр-хувийн хэвшлийн түншлэлээр Засгийн газартай хамтран гэр хорооллыг барилгажуулах ажлыг хамтран гүйцэтгэх саналтай байгаа. Эрэл групп төслийн 45 хувийг, Засгийн газар 30 хувийг, олон улсын санхүүгийн хөрөнгө оруулалтын компани 25 хувийг эзэмших байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой.
  • “Монгол хуурай сүү” төсөл нь 2017 онд Хөгжлийн банкнаас 14.9 сая ам.долларын зээл авсан. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 7 үйлдвэр ашиглалтад орсон, 23 үйлдвэрийн тоног төхөөрөмж Улаанбаатар хотод хадгалагдаж байгаа, 30 үйлдвэрийн тоног төхөөрөмж хил гаалиар нэвтэрч чадаагүй, гацсан. Тус төсөл 2019 оноос “муу зээлдэгч” ангилал руу шилжиж, зээлээ эргүүлэн татсан бөгөөд өдгөө хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа.    

 

Хөгжлийн банкны асуудлаар АТГ-т шалгуулах 20 улстөрчийг зарлав  

           Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр нэр бүхий 20 улстөрчийг зарласан. Тодруулбал, Х.Баттулга /Монгол Улсын Ерөнхийлөгч асан/, Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн/, С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/, Г.Дамдинням /УИХ-ын гишүүн/, Х.Ганхуяг /УИХ-ын гишүүн/, Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/, М.Билэгт /УИХ-ын гишүүн асан/, Ч.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/, А.Сүхбат /УИХ-ын гишүүн асан/, Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд асан/, Ц.Шаравдорж /УИХ-ын гишүүн асан/, Ц.Гарамжав /УИХ-ын гишүүн асан/, Д.Хүрэлбаатар /Үндэсний аудитын газрын дарга асан/, Лхамсүрэн /дэд сайд асан/, Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн асан/, С.Пүрэв /Сангийн дэд сайд асан/, Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн асан/, Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/, Н.Батбаяр /Эдийн засгийн хөгжлийн сайд асан/, Л.Энх-Амгалан /Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн/ нарыг АТГ-т хандаж, шалгуулахаа мэдэгдсэн юм.

Улстөрчид сонсголын үеэр нэгнээ “илчлэв”

          Хөгжлийн банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгж төслийн явц, үйл ажиллагаа, зээлийн эргэн төлөлт, үүссэн хүндрэл бэрхшээлийнхээ талаар товч мэдээлэл өгсний дараа сонсголд оролцсон УИХ-ын гишүүд уг асуудалтай холбогдуулж, асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Энэ явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гишүүн Н.Алтанхуягийн талаар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийн тухайд сонирхол татахуйц мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татав. Товчхон хэлбэл, гишүүн Ч.Хүрэлбаатар “Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хөгжлийн банкнаас олгосон гурван их наяд төгрөгийн чанаргүй зээл улсын төсөвт “орж ирсэн”. Үүнд “Хөтөл” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т олгосон зээл багтсан. Хөгжлийн банк зээл олгохдоо УИХ, Засгийн газарт танилцуулдаг. Санхүүжүүлэх хөтөлбөрийг УИХ, Засгийн газар тусгайлан батлахгүй ч үйл ажиллагааг нь үргэлж хянаж, оролцож байх эрхтэй. Тийм учраас Засгийн удирдлага үүнд оролцоогүй, цаашлаад мэдээгүй байх ямар ч үндэслэлгүй” гээд, Н.Алтанхуягийг хариуцлагаас булзаж байгааг хэлсэн юм.    

           УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамаарал бүхий “Вертекс майнинг ХХК”-д зээл олгосон нь улс төрийн нөлөөтэй байж болзошгүйг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр зарласан. Үүнд гишүүн Х.Ганхуяг “шаралхаж”, гишүүн Б.Баттөмөрийг Хөгжлийн банкнаас зээл авсан “Бэрэн” группийн ТУЗ-ийн гишүүн учир ажлын хэсгийн ахлагчаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй, түүнчлэн АТГ-т ч шалгуулах ёстой албан тушаалтны нэг гэдгийг ч тодотгосон.    

МАН нэр бүхий гишүүдээ шалгуулахыг үүрэгжүүлсэн нь

          Сонсголын дараахан эрх баригч МАН Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон намын гишүүдээ шалгуулахыг үүрэгжүүлэв. Тодруулбал, С.Бямбацогт, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Ш.Лхамсүрэн, М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав нарыг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүнийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна гэж мэдэгдсэн. Тэдний зарим нь шалгуулах хүсэлтээ гаргаж буйгаа цахим сүлжээгээр мэдээлж байсан билээ.

УИХ дөрвөн гишүүнээ “хамгаалж үлдсэн” нь

           Хөгжлийн банкны хэргийг шалгах ажиллагааны явцад  УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хаалттай хэлэлцсэний эцэст УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж гишүүдийн олонх үзэв.

Хөгжлийн банкнаас зээл олгоход эрх мэдэл, давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны зээлдэгчээс авлига авсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.

УИХ-ын тухай хуулийн 9.8-д зааснаар бол УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно. Тиймээс эдгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай.  

Гэвч УИХ дээрх дөрвөн гишүүнээ “хамгаалж үлдсэн”. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд нэлээд хүндрэл бий болно гэж урьдчилсан байдлаар харж байгаагаа Улсын ерөнхий прокурор тухайн үед хэвлэлд мэдээлсэн байдаг.  

Ямартай ч шүүхээс дээрх нэр бүхий дөрвөн гишүүнийг хилээр гарахыг хориглоод байгаа билээ.   

 

АТГ: 79 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

        Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Одоогоор 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Үүний дотор УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн бий.    

“Хөгжлийн банкны” гэх хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2 их наяд 383 тэрбум 7 сая 436 мянга 94 төгрөгөөр тооцогдож байгаа. АТГ-аас явуулж байгаа мөрдөн байцаалтын явцад Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 494 тэрбум 771 сая 320 мянга 450 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн гэнэ. Энэ нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны байдлаарх тоон мэдээлэл аж.  

 

Түр хорооны хянан шалгагч нарыг томилж, тухай бүр хуралдсаар байна

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас хянан шалгах түр хороо байгуулсан. Тус хороо дараах байдлаар ажиллаж ирэв.

• УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022.04.18-ны өдрийн 235 дугаар захирамжаар Хянан шалгах түр хорооны ажлын албыг байгуулсан.

 • 2022.05.17-ны өдрийн Түр хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны мэдээлэл сонссож, Түр хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн.

• 2022.05.31-ний өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаарх цаг үеийн мэдээлэл сонсон, “Нотлох баримт гаргуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.

• 2022.06.07-ны өдрийн хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, “Хянан шалгагч томилох тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.

• 2022.07.06-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаар цаг үеийн мэдээлэл, Хянан шалгагч нарын шалгалтын ажлын явцын танилцуулгыг хаалттай хуралдааны горимоор хэлэлцсэн.

 

“Хөтөл”-ийн 329 тэрбум төгрөгийн зээлийг юунд зарцуулсан, хэрхэн төлөх нь тодорхойгүй

          Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөний биелэлт, зээлийн эргэн төлөлтийн ойрын хугацааны мэдээлэлтэй долдугаар сарын 21-нд танилцлаа.

Зээлийн эргэн төлөлт тус өдрийн байдлаар 503.5 тэрбум төгрөгт хүрчээ. 2022 оны эцэс гэхэд 1 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөн, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, төслийн мөнгөн урсгалаар эргэн төлөлтийг хангуулах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэрэг таван чиглэлээр зээлийг эргүүлэн төлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Эх үүсвэр нь тодорхойгүй, өмчийн анхны барьцаа нь өөрчлөгдөж барьцаа хөрөнгийн шаардлага хангахааргүй болсон 3 зээлийн эргэн төлөлт хүнд нөхцөлд байгаа гэнэ. Тодруулбал, “Хөтөл” ХХК-ийн 329 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй.  Зээлийн санхүүжилтийг юунд зарцуулсан, хэрхэн төлөх нь тодорхойгүй байна. Мөн “Эрэл” ХХК барилгын салбарт 129 тэрбумын зээл авсан ч барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй, зээлийн хөрөнгөөр бий болсон төсөл нь зогссон байдалтай байгаа аж. “Газ импорт” ХХК-ийн олгосон зээл 8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй, зээлийг эргэн төлөх эх үүсвэр тодорхойгүй болсон байна.

Төрийн өмчит газруудын зээл “толгойны өвчин” болжээ

          Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газруудад нийт 581 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэхүү санхүүжилтийн эргэн төлөлтийг төр 100 хувь хариуцах бөгөөд үе үеийн Засгийн газраас улсын төсөвт шат дараатайгаар тусгаж, Хөгжлийн банканд төлнө гэсэн шийдвэр гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй. Тухайлбал, Эгийн голын цахилгаан станцын 49 тэрбум төгрөгийн ТЭЗҮ-ийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн боловч төсөл нь зогссон ба энэ талаар Засгийн газраас эцсийн шийдвэрийг  хараахан гаргаагүй. Мөн “Тавантолгой”-н цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 50 гаруй тэрбум төгрөгөөр хийсэн боловч уг төсөл одоогоор тендер зарлах шатанд байгаа бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтыг шийдвэрлэсний дараа зээлийн эргэн төлөлт хийж эхлэх юм байна.   

Тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр санхүүжүүлсэн ТОСК, НОСК-тай холбоотой нийт 248 тэрбум төгрөгийн чанаргүй зээл үүссэн боловч ТОСК 1, 2 төслийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна. Тус төслийг хэрэгжүүлээд арилжааны орлогоос нь зээлээ эргэн төлөх байсан. Гэвч төсөл хэрэгжиж иргэд түрээслэх явцад холбогдох шийдвэр нь 3 удаа өөрчлөгдсөний улмаас чанаргүй зээлийн ангилалд орсон тул ТОСК-ийн зээлийг хоёрдогч зах зээлийн эргэлтэд оруулах, өөр боломжит эх үүсвэрүүдээр үнэт цаас гаргах, мөнгөжүүлэх хэлбэрээр Хөгжлийн банкны зээлийг төлөхөөр тогтжээ.  

      Төрийн өмчит газруудад олгосон зээл ийнхүү толгойны өвчин болсон байна. 

 

Сэтгэгдэл