НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ: Сайн жишиг тогтоосон, ХЭҮК-ын гишүүдийн томилгоо
2022-07-24

             Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) хэмээх байгууллагыг 22 жилийн өмнө байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд комиссын гишүүдийн томилгоог гурван удаа буюу 2001, 2007, 2012 онд явуулсныг тус байгууллагын танилцуулгаас харж болно. Харин 2020 онд ХЭҮК-ын тухай хуулийг шинэчилж, комиссын бүрэлдэхүүнийг өргөжүүлэн, тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. УИХ-ын харьяа, дэргэдэх байгууллага гэж тодотгодог ч хэнээс ч, улс төрийн ямар ч хүчнээс хараат бусаар, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой тус комиссын гишүүдийн томилгоог 2020 оноос шинэ шатанд гаргасан гэж судлаачид үздэг. ХЭҮК хэмээх байгууллагын гишүүдийг хэрхэн сонгон шалгаруулж, томилсныг тоймлон хүргэе.  

Хаалттай хэлбэрээс нээлттэй сонгон шалгаруулалтад шилжүүлсэн нь

           ХЭҮК нь 2020 он хүртэл гурван гишүүнтэйгээр (дотроо Тамгын газартай) ажиллаж ирсэн. Тус гурван гишүүний албан тушаалд 2001, 2007, 2012 онд томилгоо хийхдээ тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу Ерөнхийлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүхээс тус бүр нэг хүнийг санал болгож, УИХ баталдаг байсан аж. Ингэхдээ орон тооны талаар нээлттэй зар түгээхгүй, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр буюу дээрх эрх бүхий гурван субъект гэнэт нэг нэг хүнийг нэр дэвшүүлэх саналаа УИХ-д хүргүүлж, хэдхэн хоногт багтаан томилчихдог байсныг судлаач, хууль зүйн доктор О.Мөнхсайхан ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа хөнджээ.  

Хүний эрхийн үндэсний байгууллагын олон улсын хороо,  НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ХЭҮК-ын гишүүдийг томилохдоо нээлттэй, ил тод байдлыг хангах, улс төрийн зүй бус нөлөөнөөс ангид байлгах, иргэний нийгмийн оролцоог сайтар хангах зөвлөмжийг манай улсад удаа дараа өгсөн байдаг. Түүнчлэн Эрүү шүүлтийн эсрэг конвенцын нэмэлт протоколд манай улс нэгдэн орж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах үүрэг хүлээсэн тул энэ чиглэлийн асуудал эрхэлсэн нэг гишүүнийг ХЭҮК-ын дэргэд хараат бусаар ажиллуулахаар шинэчилсэн хуульд заасан. Дээрх зөвлөмж болон олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлж, шинэчилсэн хуулийн дагуу ХЭҮК-ын тав болон комиссын дэргэдэх, эрүүдэн шүүлтийн асуудал эрхэлсэн нэг гишүүнийг хэрхэн нээлттэй сонгон шалгаруулж, томилсныг товхоноор тайлбарлъя.    

Нээлттэй сонсгол нь нэр дэвшигчийг “таних” боломж олгов  

ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сарын 23-наас мөрдөж эхэлсэн. Тус хуулийн дагуу ХЭҮК-ын болон эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд  баталсан юм. Ингэснээр сонгон шалгаруулалтыг долоон үе шатын дагуу явуулав. Үүнд  

  1. Сонгон шалгаруулалтын зарыг нийтэд түгээх. Дээрх зургаан орон тооны сонгон шалгаруулалтын зарыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд зарлав. Нэг сарын хугацаанд иргэдээс нэр дэвших хүсэлт, холбогдох материалыг хүлээн авахаа мэдээлсэн.
  2. Сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулах ажлын хэсэг байгуулах. Хууль зүйн байнгын хорооноос баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүнээр нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллав.
  3. Нэр дэвших тухай хүсэлт гаргах. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд 24 хүн нэр дэвших хүсэлтээ, холбогдох баримт бичгийн хамт ирүүлэв.
  4. Оролцогчоор бүртгэх, нийтэд мэдээлэх. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, материал нь дутуу, эсвэл хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн, эсэхийг нь харгалзан үзэж, хүсэлтээ гаргасан 24 хүнээс 19-ийг нь оролцогчоор бүртгэж, тавыг нь хассаныг нийтэд мэдээлэв.
  5. Оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах. Оролцогч нарыг ажлын хэсгийн гишүүн бүрд тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилж илтгэгч гишүүнийг томилов. Илтгэгч гишүүн тухайн оролцогчийн талаарх баримт мэдээллийг үнэн, зөв, эсэхийг нягталж, мэдээлэл цуглуулан, холбогдох хүмүүстэй ярилцлага хийх замаар үнэлгээ өгч, тайлан бэлтгэв.  
  6. Томилгооны сонсгол зохион байгуулах. 19 оролцогч тус бүрээр томилгооны нээлттэй сонсголыг 2020 оны зургадугаар сарын 10, 11-нд зохион байгуулав. Үүнтэй холбоотой мэдээллийг доорх цогцолборт дэлгэрэнгүй тайлбарлав.   
  7. Гишүүнд нэр дэвшүүлэх. Ажлын хэсэг хуралдаж, ХЭҮК-ын таван гишүүний орон тоонд нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргав. Тодруулбал, ХЭҮК-ын гишүүн Ч.Мөнхзул, Ж.Хунан, Б.Нарантуяа, Д.Сүнжид, С.Энхболд нарыг нэр дэвшүүлсэн. Харин эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад гурван хүн оролцсон ч тэднийг нэр дэвшигчид тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй гэсэн үндэслэлээр аль нь ч ажлын хэсгийн гишүүдээс олонхын санал аваагүй. Тиймээс уг орон тооны сонгон шалгаруулалтыг 2022 оны хавар дахин явуулсан.

УИХ-ын чуулганы 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүнээр Ч.Мөнхзул, Ж.Хунан, Б.Нарантуяа, Д.Сүнжид, С.Энхболд нарыг томилсон юм.

          Дээрх долоон үе шатаас томилгооны нээлттэй сонсголыг өргөн цар хүрээтэй, тал талын оролцоотойгоор явуулсан нь ХЭҮК-ын гишүүдийн томилгоог олон нийтийн анхаарлын төвд оруулах, зохих мэдлэг, мэдээллээр хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэснийг тодотгоё. Мөн сонсголыг фэйсбүүк хуудас болон парламентын iptv-гээр шууд дамжуулав. Сонсголын зарыг урьдчилан түгээснээр 86 хүн оролцох хүсэлтээ ирүүлснийг бүртгэсэн.  Түүнчлэн сонсголын үеэр ажлын хэсгийн гишүүд тухайн нэр дэвшигчид ёс зүй, зан чанар, хүний эрхийн мэдлэг, чадвар, хандлагатай холбоотой асуулт тавьж, хэрхэн хариулсныг нь оролцогчид, иргэд үзсэн бөгөөд шууд дамжуулалтын дүрс бичлэг нь одоо ч цахим сүлжээнд хадгалаастай байна.  

Нэрээ дэвшүүлсэн хүн тус бүрд 50 минутын хугацаа оноосноор өөрийгөө танилцуулж, мэдлэг, туршлагынхаа талаар мэдээлэн, хүний эрхийн төрийн бус байгууллагууд, судлаачид, иргэд, оролцогчдоос тавьсан асуултад хариулах боломж олгож, өөрсдийнх талаарх сөрөг мэдээллийг няцаах цаг хүртэл өгсөн. Энэ нь нэр дэвшигчийг “таних”, уг албан тушаалд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг “гаргаж ирэх”-д ихээхэн нөлөө үзүүлсэн нь мэдээж. Үүнээс гадна сонсгол болохоос өмнө нэрээ дэвшүүлсэн 19 хүний мэргэжил, мэдлэг, ажилласан туршлагын талаарх мэдээлэл бүхий анкетыг parliament.mn хуудсаар дамжуулан нийтэд нээлттэй болгосон юм.   

Анхны нэр дэвшигчийн сонсголыг амжилттай явууллаа  

           Нийтийн сонсголын тухай хуулийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Нээлттэй сонсголын есөн төрлийг хуульчилсны нэг нь нэр дэвшигчийн сонсгол юм. Өөрөөр хэлбэл, уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээс дөрвөн жилийн дараа манай улсад анх удаа нэр дэвшигчийн томилгооны сонсголыг ХЭҮК-ын гишүүдийг томилохдоо зохион байгуулав. Анхных, цар тахлын нөхцөл байдлаас улбаалан цахимаар зохион байгуулсан гэхэд жишиг болохуйц, үр дүнтэй, зохион байгуулалт сайтай сонсгол болсныг хүний эрхийн байгууллагууд, судлаачид болон ажлын хэсгийн зарим гишүүн дүгнэсэн байдаг.       

Нэг биш, хоёр удаа нээлттэй сонгол зохион байгуулсан нь

          УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сард баталж, тус оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийг дагалдуулж, ХЭҮК-т хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн нэг гишүүнийг нэмж ажиллуулахаар хуульд өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр тус албан тушаалд мөн л дээрх журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, энэ сарын 2-нд томилов. Үүнтэй хамт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний шалгаруулалтыг ч явуулсан.  

ХЭҮК-ын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад хоёр, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийхэд гурван хүн нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргасан бөгөөд тэднийг оролцогчоор бүртгэж, хоёрдугаар сарын 17-нд томилгооны сонсгол зохион байгуулсан. Үүний дараа тус хоёр албан тушаалд нэг, нэг хүнийг ажлын хэсгээс шалгаруулж, УИХ-д нэр дэвшүүлсэн бөгөөд тэдний дунд ч нэр дэвшигчийн нээлттэй сонсголыг тавдугаар сарын 5-нд явуулав. Ийнхүү нэг томилгоонд хоёр ч удаа нээлттэй сонсгол зохион байгуулсан нь түүхэнд онцлог үйл явдал болсон. (Сонсголын процессыг доор дэлгэрүүлэв)    

 

Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн: УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахалсан. Гишүүнээр нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан нар ажилласан.

Шалгаруулалтад оролцогчид: ХЭҮК-ын гишүүний албан тушаалд Т.Саруул, С.Дондов нар нэрээ дэвшүүлэв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний албан тушаалд Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар өрсөлдөв. (Нэр дэвшигчийн танилцуулгыг parliament.mn хуудсанд байршуулсан)   

            Сонсголыг зургаан цагийн турш зохион байгуулсан бөгөөд оролцогчид ажлын туршлага, сонгон шалгаруулалтад нэр дэвших болсон шалтгаан, зорилгоо танилцуулсны дараа тэд иргэд, ажиглагчид, ажлын хэсгийн гишүүдийн асуултад хариулсан.     

Уг сонсголын дараа ажлын хэсэг хуралдаж, ХЭҮК-ын гишүүний албан тушаалд С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний албан тушаалд Я.Цэлмэнийг шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд санал болгосон. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус хоёр нэр дэвшигчийн дунд нээлттэй сонсголыг тавдугаар сарын 5-нд зохион байгуулав. Сонсгол 3 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд УИХ-ын гишүүд хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад хэд бүртгэгдсэн, үүнээс болж хэр олон хүн хохирсон, энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн таслан зогсоох ёстой вэ, ХЭҮК төсөв санхүүгийн хувьд хараат бусаар ажиллах боломж бүрдсэн, эсэхийг тодруулж байлаа. Түүнчлэн сонгон шалгаруулах ажлын хэсэг хараат бус ажиллах боломж нөхцөл бүрдсэн, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тодорхой санал байгаа, мөн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотойгоор хийхээр төлөвлөсөн ажил бий, эсэхийг асууж, хариулт авсан.  

              Харин эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэнээс Монгол Улсад эрүүдэн шүүлт ямар түвшинд байгаа, үүнийг таслан зогсоох чиглэлээр ажиллахад мэдлэг, туршлага хангалттай, эсэх, мөн гүтгэх, гутаан доромжлох нь эрүүдэн шүүлтийн төрөл мөн үү гэсэн асуултыг тавьсан. Нэр дэвшигч Я:Цэлмэн хариултдаа эрүү шүүлт бол хэзээ ч байж болохгүй зүйл, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тооцогддогийг онцолж байв.      

Уг сонсголд ажиглагчаар гурван иргэн оролцож, нэр дэвшигчдэд асуулт тавьж, мөн санал хэлсэн юм.       

 

Сэтгэгдэл