Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах сонсгол хийлээ
2022-07-04

    -Танилцах сонсгол нь нэр дэвшигчийг ард түмний төлөөлөгчдийн байгууллагын шүүлтүүрээр оруулж, иргэд санаа бодлоо илэрхийлэх боломж олгодог-   

 

                УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр (2022.07.04) Төрийн ордонд зохион байгууллаа.

           УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сонсголыг нээж үг хэлсэн. Тэрбээр “Танилцах сонсгол нь нэр дэвшигчдийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, олон нийтийг нэр дэвшигчтэй холбогдуулан санал шүүмжээ хэлэх боломжийг олгох, Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжид заасан нээлттэй, ил тод хараат бус, хууль дээдлэх зарчмыг баримтлан нэр дэвшигчийг тодруулах, эсэхийг олон нийтэд таниулах зорилготой. Энэ нь нэг талдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргээ хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж байгааг харуулах бол нөгөө талдаа шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой”-г тодотголоо.

                 Байнгын хорооны гишүүд болон оролцогч нар Улсын дээд шүүхэд нэр дэвшигч Д.Батбаатарт асуулт тавьж, санал хэлсэн. Үүнийг тоймлон хүргэе.  

"Нэр дэвшигчтэй холбоотой сайн болон муу зүйлсийг гаргаж ирэх боломж олгодог

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийж буй энэхүү танилцах сонсголыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсны дагуу анх удаа зохион байгуулж байна. УИХ-ын хяналтын шалгалтын тухай хуулийн гол зорилго бол шүүлтүүрийг илүү нарийсгаж байгаад оршиж буй юм. Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ томилдоггүй учраас өмнө нь танилцах журмын дагуу тэгэсхийгээд л явчихдаг байсан. Харин одоо бол тус албан тушаалд нэр дэвшигчдийг урьдчилж нийтэд танилцуулж, тэдний дунд явуулах нээлттэй сонсголын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар түгээж, оролцогчдыг бүртгэхийн сацуу иргэдээс санал хүсэлт хүлээн авдаг болсон. Өөрөөр хэлбэл, “шүүлтүүрийг” нь өмнөхөөсөө илүү сайжруулсан гэсэн үг. Энэ нь нэр дэвшигчтэй холбоотой сайн болон муу зүйлсийг гаргаж ирэх боломжийг олгодог. Тэгэхээр Д.Батбаатар нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ямар нэг санал ирүүлсэн үү. Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд ямар нэг зүйл саад болж байна уу. Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдвол юу хийх вэ. Цаашид Улсын дээд шүүх хуулийг хэрэглэх албан ёсны тайлбар гаргахаас эхлүүлээд олон ажил хүлээгдэж байгаа. Туршлагатай, чансаатай хүмүүс “орж ирмээр” байна. Ёс суртахуунтай, онолын зөв мэдлэгтэй байх ёстой. Нэр дэвшигчийн хувьд туршлагатай.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нээлттэй сонсголын зарыг 14 хоногийн өмнө түгээсэн. Нэр дэвшигчдийн танилцуулгыг мөн нээлттэй болгож, тэдэнтэй холбоотой гомдол, саналыг хүлээн авахаа мэдэгдсэн. Нэр дэвшигчтэй холбоотой ямар нэг гомдол, саналыг иргэдээс ирүүлээгүй. Харин сонсголд зургаан хүн бүртгүүлснээс гурав нь оролцож байна.

Нэр дэвшигч Д.Батбаатар: Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ихээхэн дэвшилттэй хууль болсон. Ялангуяа  шүүгчийн томилгоо, сахилга хариуцлагатай холбоотой асуудал улс төрийн нэг институц, нэг албан тушаалтнаас хамааралтай байсныг задалж, шүүхийн дотоод ардчиллыг нэлээд бэхжүүлж өгсөн. Хуулийн нэг сайн тал нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг шүүгч нар дундаас сонгох сонголтын явцад ажиглагдсан. Хуулийг хэрэгжүүлж эхлээд шүүхийн ерөнхий шүүгчдийг сонгох ажил эхэлсэн. Ерөнхий шүүгчийг сонгохдоо ардчиллын зарчмаар, хуулийн үзэл санаанд нийцүүлж сонгосон гэж харж байгаа. Өмнө нь Улсын дээд шүүхийн шүүгчийн орон тоонд шалгалт өгч үзсэн. Харин энэ удаад тус албан тушаалд тавих шалгуурыг өндөрсгөсөн, сонгон шалгаруулалтыг ч дэвшилттэй зарчмаар явуулж буй нь надад нэрээ дэвшүүлэх нэг үндэслэл минь болсон. Хүн мэдлэг, боловсролыг олж авах боломжтой. Харин зан чанар, ёс суртахууныг богино хугацаанд өөрчлөх боломжгүйг өнгөрсөн хугацаанд ажигласан. Тиймээс шүүгч нарыг томилохдоо мэдлэг боловсролоос нь дутахгүйгээр тухайн хувь хүний хүмүүжил, ёс суртахуун, зан чанарыг маш сайн судалж байж томилох нь зүйтэй гэдгийг ажиглаж байсан. Шүүх, шүүхийн шийдвэр бол ер нь нээлттэй. Хүн сонирхвол олоод үзчих боломжтой байсан. Үүнийг олж үзэхийн тулд мэдээж олон шат дамжлагатай, хүнд сурталтай байсан бол шинэчилсэн хуулиар үүнийг үүрэгжүүлж өгсөн. Шүүх гаргасан шийдвэрээ тайлбарлаж, үндэслэлээ тодорхой бичиж, түүнийгээ олон нийтэд түгээх үүрэг хүлээсэн. Тэгэхээр шүүх олон нийтийн дунд өөрийн нэр хүндээ дээшлүүлэхийн тулд хийж байгаа ажлаа нээлттэй танилцуулах ёстой юм билээ. Ийм үзэл санааг энэ хуульд суулгасан. Тиймээс энэ чиглэлээр түлхүү ажиллах ёстой.  

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Монголд 520 гаруй шүүгч бий. Таны ах дүү хамаатан садан дунд шүүгчээр ажиллаж байгаа хүн байгаа юу. УИХ-ын гишүүн, сайд нартай найз нөхдийн хамаарал бий юү.

Нэр дэвшигч Д.Батбаатар: Миний төрөл, хамаатан саданд хуулийн байгууллагад ажилладаг хүн байхгүй. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдтэй найз нөхдийн холбоо байхгүй. Би бол УИХ-ын гишүүд, сайд нарыг танина. Харин намайг таньдаг нь бараг байхгүй болов уу. Хуулийн төсөл боловсруулах ажлын шугамаар Х.Нямбаатар сайд намайг таньж магадгүй. Б.Энхбаяр гишүүн намайг таньж магадгүй, Засгийн газрыг төлөөлөөд шүүх хуралд ганц нэг удаа оролцож байсан.

"Хараат бусаар, бие дааж ажиллах нөхцөл бүрдсэн"

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Анхан, дунд шатанд олон жил ажилласан хүний хувьд шүүхийн шинэчлэл ямар шатанд явж байна гэж та үзэх вэ. Монгол хүний удмыг заавал хардаг. Ялангуяа төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний гурван үеийн намтрыг бичүүлж авч, судалдаг. Та гурван үеийн намтраа бичиж өгсөн үү.

Нэр дэвшигч Д.Батбаатар: Шүүхийн тухай шинэчилсэн хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өөрчлөлт мэдрэгдэж байгаа. Ялангуяа Улсын дээд шүүхээс гаргасан хуулийн албан ёсны тайлбарууд. Одоогоор дөрвөн тайлбар гаргасан байна лээ. Тайлбарыг гаргаж байгаа аргачлал, журам гээд ер нь их ойлгомжтой болсон. Мөн шүүхийн шийдвэртэй холбоотой тайлбар, ямар аргыг хэрэглэсэн талаарх мэдээллийг бүх нийтэд ойлгомжтойгоор хүргэж эхэлж байгаа. Анхан, дунд шатанд ч мэдрэгдэж байгаа. Хараат бусаар, бие дааж ажиллах нөхцөл бүрдсэн гэж харж байгаа. Хуулийн хэрэгжилт хэр байх вэ гэдэг нь шүүгч нараас ихээхэн шалтгаална. Үүнийг шүүгч нар ойлгож, хэрэг маргааныг аль болох чанартай, түргэн шуурхай, үндэслэлтэй, үнэн зөвөөр шийдвэрлэхийг хичээж ажиллаж байгаа. Анх төрийн албанд буюу 2000 онд ороход гурван үеийн намтар бичүүлж авсан. Харин сая нэр дэвшүүлэхэд тийм зүйл бичүүлж аваагүй. Манай өвөө малчин хүн байсан. Аав минь эдийн засагч.

Сонсголд оролцогч, “Оюуны инновац” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд: Манай төрийн бус байгууллага 2013 оноос шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Шүүгч нь харьцангуй ачаалал ихтэй, стресстэх магадлал өндөртэй ажлын тоонд багтдаг. Тэгэхээр нэр дэвшигч стрессээ хэрхэн зохицуулдаг вэ?

Нэр дэвшигч Д.Батбаатар: Шүүгч нар ачаалалтай ажилладаг нь үнэн. Ер нь ачаалалдаа дасчихдаг. Мэдээж хүн юм чинь уурлах, бухимдах, ядрах үе бий. Миний хувьд спорт сонирхдог учир дугуй унах байдлаар чөлөөт цагаа өнгөрүүлж, стрессээ тайлдаг.

Сонсголд оролцогч, “Өмгөөллийн ивээл баг” хуулийн нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэхишиг: Таны сонирхдог судалгааны чиглэл юу вэ. Хэрвээ томилогдвол ямар чиглэлээр анхаарч ажиллана гэж бодож байна вэ. Та хэр их илүү цагаар ажилладаг байсан бэ. Ажлын цагаа хэрхэн хуваарилдаг вэ?

Нэр дэвшигч Д.Батбаатар: Шүүхийн ерөнхий шүүгчээр ажилласнаас хойш захиргааны хэргийг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, нотлох баримтыг цуглуулах, нотлох зарчим нь талуудын мэтгэлцэх зарчимтай хэрхэн холбогдох вэ, үүнийг хэрхэн уялдаатай авч хэрэгжүүлэх вэ гэдгийг судлах шаардлага бий болсон. Мөн анхан шатны шүүхийн онцлогоос хамаарч шүүхийн шийдвэрийг хянахаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь зарим шүүгчийн захирамж, тогтоолыг хянадаг. Тэгэхээр энэ сэдвийг илүү нарийвчилж авч үздэг. Анхан шатны шүүхэд ажиллаж байхад амралтын өдөр ч ажилладаг байсан. Бүх шүүгч тэгэж ажилладаг байсан. Давж заалдах шатны шүүхийн тухайд ажлын таван өдрийн 3-4 өдөрт нь бүтэн шүүх хуралтай байж таардаг. 3 өдөрт нь шүүх хуралд оролцлоо гэхэд бусад өдөрт нь хэрэг маргааны материалтай танилцаж, магадлал, тогтоолоо бичдэг.  

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Батбаатар нэр дэвшигчдийн хувьд иргэдээс ямар нэг ноцтой санал шүүмж ирүүлээгүй байгаа учир процесс хэвийн үргэлжилж байна. Нэрээ дэвшүүлнэ гэж бодож байгаа бусад шүүгчийн анхаарах ёстой нэг зүйл нь энэ механизм ингээд зүгээр үргэлжлэхгүй. Хэрвээ та буруу, зөрүү ямар нэг юм хийсэн бол бүх зүйлээ “онгичуулна” шүү. Танилцах сонсгол дээр энэ талаар нь асууж, иргэдэд мэдээлнэ, байнгын хорооны хуралдаанаар ч ярилцана. Бусад улсад танилцах сонсголоос зарим шүүгч нэрээ татдаг шүү дээ.  

"Шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэхийн тулд нээлттэй сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэж байна"

        Байнгын хорооны гишүүд болон оролцогч нар Улсын дээд шүүхэд нэр дэвшигч Н.Баярмаад асуулт тавьж, санал хэлсэн. Үүнийг тоймлон хүргэе.  

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Шүүхийн тухай шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах зүйл юу байна вэ. Аливаа шинэчлэлийг хэрэгжүүлж чадаагүй нь золиос, зүтгэл их шаарддаг, хэл аманд их өртдөгтэй холбоотой. Реформыг хүмүүс ярих дуртай ч хэрэгжүүлж чаддаггүй учраас шинэчлэл үргэлжилдэггүй. Та бол УИХ, ХЗДХЯ, хувийн хэвшил, шүүх, их сургуульд ажиллаж үзсэн хүн байна. Тиймээс би эргэлзэхгүй байгаа. Баярмаа нэр дэвшигчтэй холбоотой иргэдээс ямар нэг санал шүүмж ирүүлсэн үү. Шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэхийн тулд ил тод, нээлттэй байдлыг бий болгож, нээлттэй сонгон шалгаруулалтын арга замуудыг хэрэглэж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ. Танилцах сонгол нь нэр дэвшигчийг ард түмний төлөөлөгчдийн байгууллагын шүүлтүүрээр оруулж, иргэд санаа бодлоо илэрхийлэх боломж олгодог. Үнэхээр ноцтой асуудал гаргасан бол Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөл, хууль тогтоох байгууллага нь тухайн нэр дэвшигчийг “дээш явуулахгүй” байх ёстой.   

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нээлттэй сонсголын зарыг 14 хоногийн өмнө түгээсэн. Нэр дэвшигчдийн танилцуулгыг мөн нээлттэй болгож, тэдэнтэй холбоотой гомдол, саналыг хүлээн авахаа мэдэгдсэн. Нэр дэвшигчтэй холбоотой ямар нэг гомдол, саналыг иргэдээс ирүүлээгүй. Харин сонсголд зургаан хүн бүртгүүлснээс гурав нь оролцож байна.

"Шүүхийн тухай хуулийг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд цогц арга хэмжээ авах ёстой" 

Нэр дэвшигч Н.Баярмаа: Шүүхийн томилгооны хувьд ил тод байдлыг хангах нь маш зөв процесс гэдгийг би алхам тутамдаа ойлгож байна. Энэ нь Шүүхийн тухай шинэчилсэн хуулийн ололттой тал мөн гэдэгтэй би 100 хувь санал нийлнэ. Шүүхийн тухай хуулийг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд дараагийн алхам юу байж болох вэ гэдгийг асууж байна гэж ойлголоо. Шүүх байгууллагын үйл ажиллагааг зөвхөн хуулийг нь сайжруулснаар шийдэх боломжгүй. Тиймээс дараагийн алхамд цогц хэд хэдэн арга хэмжээ авах ёстой. Нэгдүгээрт, процессын, тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг бусад хуулиудаа Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл санаанд нийцүүлэн батлах ёстой. Хоёрдугаарт, шүүгчийн ёс зүйн асуудал. Ёс зүйн асуудлыг зөвхөн шүүгч нартай холбовол энэ салбарын алдаа дутагдал сайн арилахгүй. Би өмгөөлөгчийн, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ёс зүйн асуудлыг давхар анхаарах хэрэгтэй. Гуравдугаарт, Шүүх байгуулах тухай хуулиа маш сайн боловсруулж батлах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар журмын дагуу эдгээр нэр дэвшигчийг тодруулж, гаргаж ирсэн талаар сонгол даргалагч танилцуулах нь зүйтэй байх. Нэр дэвшигчдэд хандаж хэлэхэд, Улсын дээд шүүхийн тайлбараар нэлээд олон зүйлийг нөхөх шаардлага бий. Хэрвээ та томилогдвол хууль тогтоогч нарын хийж чадахгүй байгаа асуудал дээр Улсын дээд шүүхийн тайлбар гаргах замаар тодорхой хэмжээнд зохицуулалт хийх шаардлага бий. Улсын дээд шүүх ямар хуулиуд дээр тайлбар гаргах шаардлагатай гэж та ажигласан бэ.

"Нэр дэвшигчид хууль зүйн мэдлэг, чадварын болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт өгсөн"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зургадугаар сарын 15-нд УИХ-д албан бичиг ирүүлсэн. Энэ бичиг болон бусад мэдээллээс харахад Улсын дээд шүүхийн таван шүүгчийн сул орон тоонд долоон хүн нэрээ дэвшүүлснээс Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн шүүгчид Н.Баярмаа нэр дэвшигч тэнцсэн. Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн шүүгчид Д.Батбаатар нэр дэвшигч тэнцсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нээлттэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан шүүгчийн сонгон шалгаруулалтыг зарласан. Нэр дэвшигчид хууль зүйн мэдлэг, чадварын болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт өгсөн. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдолд шийдвэрлэх сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэлх оноогоор үнэлэх ёстой. Үүнд Н.Баярмаа нэр дэвшигч 58.59 оноо авч тэнцсэн. Мөн мэргэжил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 30 хүртэлх оноогоор үнэлэх бөгөөд 20-иос дээш оноо авсан бол тэнцсэн тооцно гэж заасан. Н.Баярмаа нэр дэвшигч уг шалгалтад 28.38 оноо авсан юм билээ. Ингээд эхний байранд эрэмбэлэгдсэн гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн бичигт дурдсан байна. Д.Батбаатар нэр дэвшигчийн хувьд хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 53.25, мэргэжил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 29.12 оноо авсан байна лээ. Ингээд эдгээр нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж байгаа.

Нэр дэвшигч Н.Баярмаа: Хуулийн тайлбар гаргах нь Улсын дээд шүүхийн нэг үүрэг. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх нэгдүгээрт, хяналтын журмаар тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг нэгтгэх ёстой. Хоёрдугаарт, хуулийг шүүхийн шийдвэр, практикт үндэслэж тайлбарлана гэж заасан. Өмнө шүүхийн шийдвэрээр хөндөгдөөгүй, практик зөрөлдөөн үүсэхгүй байгаа асуудлыг Улсын дээд шүүх шүүрч аваад хуулийн тайлбар гаргах нь тодорхой хэмжээнд хумигдмал. Энэ нь нэг талаасаа зөв. Яагаад гэвэл эрх зүйн тодорхой байдлын зарчим гэж бий. Хууль тогтоох эрх мэдэлтэй шүүх эрх мэдэл булаацалдаад байж болохгүй. Хууль тогтоогч баталчихсан хуулийн практикт ямар нэг асуудал үүсээгүй байхад нь Улсын дээд шүүх барьж аваад хууль хэрэглэх тайлбар гаргах нь хууль тогтоох эрх мэдлийг тодорхой хэмжээнд хөндөж буй хэрэг. Ер нь өмчийн эрх зүйн чиглэлээр нэлээд хэдэн тайлбар гаргасан байдаг. Ялангуяа гэр бүлийн эд хөрөнгөтэй холбоотой хэсэгт дээд шүүхийн цогц тайлбарууд гаргаж байсан. Харин Монгол Улсад үл хөдлөх хөрөнгийн, тэр дундаа хувийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн тухайд хаана маргаан үүсгэж байна вэ гэхээр ипотек буюу барьцаан дээр л үүсдэг. Гэтэл газар нь төрийн өмчит. Өнөөдөр газрын 99.9 хувь нь төрийн өмчид байгаа учраас газрын маргаан дандаа нийтийн өмчийн хүрээнд буюу захиргааны хэргийн шүүх дээр өрнөдөг. Энэ агуулгаараа Иргэний хууль нь газрын харилцаан дээр бараг хэрэглээгүй болсон. Уг нь Иргэний хуульд маш нарийн зохицуулалтууд бий. Үүнээс шалтгаалаад Иргэний хуулийн газрын харилцааны хэсэг дээр шүүхийн практик үүсэхгүй байгаа учраас Улсын дээд шүүх энэ асуудал дээр практикт суурилж тайлбарлана гэдэг их төвөгтэй. Гэхдээ энэ агуулга нь иргэний шүүхийн, эзэмшлийн хүрээнд үүсэж болно. Хэрэв би томилогдвол энэ агуулгаар шүүхийн практик, шийдвэрээр тайлбарлах шаардлага гарвал энэ чиглэлээр ажиллана.    

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Та Хэнтий аймгийнх юм байна. Монгол Улс цөөхөн хүнтэй. Нууц биш ээ. Ерөнхий сайд нь өөрийнхөө хүнийг албан тушаалд “тавиад” байдаг. Энэ явдал давтагдаж байгаа юм биш биз. Та 2014-2015 онд Хөгжлийн банкны ахлах хуульчаар ажилласан байна. Хууль бус зүйлүүд их гарсан онд та тэнд ажиллаж байжээ. Та тэдгээр хууль бус зүйлийн хаагуур нь явж байсан бэ. Хөгжлийн банкны хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэнэ.

Нэр дэвшигч Н.Баярмаа: Би Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн. Намайг төрөөд удаагүй байхад манайх аймгийн төв рүү нүүсэн. Ерөнхий боловсролын сургуулиа тэнд төгсөөд, МУИС-д суралцсан. Тэрнээс хойш аймагтаа ажиллаагүй. Судалгаа, шинжилгээний болон хуульчийн туршлагаа хуримтлуулах бүх ажил Улаанбаатар хотод өрнөсөн. 2014 оноос эхлээд нэг жил хүрэхгүй хугацаанд Хөгжлийн банканд ажилласан. Энэ хугацаанд зээлийн хүсэлтүүдэд дүгнэлт гаргахын зэрэгцээ Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг түлхүү хийсэн. Хоёрдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшигч тус бүрээр судалгаа хийж, тайлан гаргасан байна лээ. Тайлантай холбоотой холбогдох асуудлаар нэр дэвшигчдээс тодруулга авдаг. Миний тухайд Хөгжлийн банканд ажиллаж байх үед гаргасан дүгнэлт болон бусад мэдээлэлтэй танилцсан гэж би ойлгосон. 10 жилийн өмнөх зүйл учир ямар асуудалд яаж дүгнэлт гаргаснаа нэгбүрчлэн санахгүй байна. Гэхдээ асуудлууд нь гарч ирээд, тодруулга авах бол дүгнэлтээ уншиж, нэмэлт тайлбар өгөхөд татгалзах зүйлгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хөгжлийн банкны асуудлыг шүүхээр шийдтэл та түр байзнаж байвал яасан юм. Юу ч гарч ирэх юм билээ. Түүнтэй холбоотойгоор таныг түргэн томилох гээд байгаа юм биш биз. Хардах эрхтэй шүү дээ.

Нэр дэвшигч Н.Баярмаа: Чингэлтэй дүүргийн шүүхэд ажиллаж байх хугацаанд Хөгжлийн банктай холбоотой хэрэг маргаан надад таараагүй. 7 жилийн хугацаанд шүүгчээр ажиллахад Хөгжлийн банктай холбоотой ямар нэг хэрэг маргааныг шийдээгүй. Хэрэв Хөгжлийн банктай холбоотой хэрэг маргаан шүүхэд орж ирвэл, тухайн хэрэг маргаанд би өмнө нь хууль зүйн дүгнэлт гаргаж байсан асуудал мөн бол хэрэг маргаанаас татгалзан гарах үндэслэл бүрдсэн тохиолдолд миний бие ёс зүйн үүргээ ухамрсарлаж, түүнд оролцохгүй.

Нэг хаяганд газар, байшин, бусад эд хөрөнгийн гээд гурван өмчлөх эрх үүссэн тохиолдол олон

Сонсголд оролцогч, “Өмгөөллийн ивээл баг” хуулийн нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэхишиг: Та судалгаандаа газар болон түүний дээр байгаа хөрөнгийн бүртгэл хамт байх ёстой гэсэн гол агуулгыг дэвшүүлдэг гэж ойлгодог. Өнөөдөр энэ асуудлыг шийдэгдсэн гэж та үздэг үү.

Нэр дэвшигч Н.Баярмаа: Судалгааны ажлын дүгнэлтийн талаар маш зөв ярихгүй бол шүүгчийн албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд хуулийг шүүмжлэх нь ёс зүйн түвшний асуудал болж хувирна. Тиймээс миний судалгааны ажлыг дэлгэрүүлж уншаасай гэж хүсэж байна. Ер нь газар, байшингийн харилцаа нь Монголд ихээхэн тулгамдсан асуудал. Жишээ нь, нэг хаяг дээр газар өмчлөх, байшин өмчлөх, бусад эд хөрөнгийг өмчлөх гэсэн гурван эрх үүсчихсэн байгаа тохиолдол маш их. Хуулийн зохицуулалт, практик хоорондын зөрчилдөөний асуудал шүүхэд маргаан болж ирдэг. Өөрөөр хэлбэл, энэ хоёр үл хөдлөх хөрөнгийг хоёуланг нь банкны зээлийн барьцаанд тавьдаг. Зээлээ төлж чадахгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр тэдгээр хөрөнгийг дуудлагаар худалддаг. Газар нь Доржид, байшин нь Дондогт худалдагдангуут тэр хоёр хоорондоо маргаад, шүүхэд ханддаг. Дорж газраа ашигламаар байна гээд Дондогийн байшинг холдуулаад өгөөч гэдэг. Харин Дондог байшиндаа амьдармаар байна гээд, Доржийн газар өмчлөх эрхийг миний эд хөрөнгө эзэмших эрхтэй уялдуулаад өгөөч гэдэг.   

Сэтгэгдэл